ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны урлаг, соёлын салбарт өрнөсөн онцлох 10 үйл явдал

    2014 оны урлаг, соёлын ертөнцөд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг уншигч авхай та бүхэнд танилцуулъя.

    Нэг: Монголын сайхан бүсгүй Т.Батцэцэг “Бүх дэлхийн бүжиг”-ийг эхлүүлэв

    Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон Т.Батцэцэг амжилттай өрсөлдсөн.126 орны сайхан бүсгүйчүүдийн шилдэг 25-д багтаж чадаагүй ч тэмцээний нээлтийн эхэнд тоглогддог “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, үндэснийхээ хувцас, үндэсний урлагаа дэлхий нийтэд таниулж чадсан. Долоон тэрбум гаруй хүнээс шигшиж шалгаруулсан сайхан бүсгүйчүүдийн нэг болно гэдэг амжилт. Тэр дундаа 126 орны үндэсний бүжгээс шилдэг 10-т сонгогдож, салхийг нь хагалан бүжиглэсэн нь бахдам зүйл.

                                                   Хоёр. Монгол жүжигчин Холливуудад

    “Нетфликс” компанийн санхүүжилтээр бүтсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг жүжигчин Б.Амарсанаа бүтээв.Энэ нь Монголын кино урлагийн 90 гаруй жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болов.

                             Гурав. “Чонон сүлд” киноны гол дүрд монгол бүсгүй тоглолоо

    Жүжигчин Р.Анхням “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” уран сайхны киноны гол дүрд  тоглож, Монгол жүжигчний авьяас, ур чадварыг дэлхийд гаргасан юм.

                        Дөрөв. Г.Ариунбаатар Олон улсын наадмаас тэргүүн байр хүртжээ

    Улсын Филармонийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан. Өмнө нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн билээ.Энэ амжилт бол Монголчуудын бахархал юм.

                                            Тав. Битүү амьсгаагаар лимбэдэх урлаг

    Битүү амьсгаагаар лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй. Тэгвэл одоогоор Монголд битүү амьсгаагаар лимбэ тоглодог арав гаруй хүн бий. Энэ хосгүй биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь оны онцлох үйл явдлын нэг боллоо.

                                      Зургаа.“Алтайн ятга” ЮНЕСКО-д бүртгэгдсэн нь

    Алтайн ятга нь Монгол нутаг дахь Эртний Түрэгийн үед (M.Э VII-VIII зуун) хамаарах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. 2008 онд анх Ховд аймгийн Манхан сумын иргэн, тахиа овогт Намсрайн Дандар, Энхтөр нарын мэдээллийн дагуу Археологийн Хүрээлэнгийн археологич доктор, проф. Ц.Төрбат, ЭША Д.Батсүх, Т.Батбаяр нар цаг алдалгүй эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж нэн ховор эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг олдворлож сэргээсэн. Энэ хөгжмийн зэмсгээ ЮНЕСКО-д бүртгүүлж, Монгол нутагтаа эргэн сэргээж хөгжмийн анхны үйлдвэр байгуулсан билээ.

                                Долоо. “Хонхны дуу” төрийн соёрхолт дуу болов

    Одоогоос 25 жилийн өмнө Монголын ард түмнийг ардчилсан нийгэм рүү уриалан дуудсан С.Цогтсайхан агсны амьдруулсан “Хонхны дуу” бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд Төрийн соёрхол хүртээв. Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тухайн үеийн Улс төрийн товчоо, тэр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, дуучин Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарлаж байв.

                      Найм. Г.Мэнд-Ооёо Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагнал авав

    Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо энэ онд хүртэв.

                              Ес. Цэргийн хөгжмийн наадамд урилгаар оролцсон

    Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Эдинбургийн наадмын томоохон хэсэг болох Цэргийн хөгжмийн наадам (The Royal Edinburgh Military Tattoo)-д урилгаар оролцсон. Дэлхийн улс орнуудын цэргийн шилдэг хөгжимчдийг урьж авчрахаас гадна цэргийн эрдмийг үзүүлэн сурталчилдаг уг наадмыг жил бүр дунджаар 200 гаруй мянган хүн Шотландын Эдинбургт үздэг бол 100 сая гаруй үзэгч цэнхэр дэлгэцээр хүлээн авдаг байна. Харин манай  ЦДБЭЧ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг бүрэлдэхүүн нэр хүндтэй тус наадамд анх удаа оролцжээ. 

                         Арав. “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г анх удаа шалгарууллаа

    Монголд анх удаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг энэ оны сүүлчээр амжилттай зохион байгуулж анхны миссээр Д.Цолмон бүсгүй шалгарч, миссийн титэм зүүсэн юм.Уг арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцож,  хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүлсэн нь олны сонирхол татсан юм.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй