Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлыг УМХГ-аас шалгажээ. Хяналт шинжилгээнд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулж савласан цэвэр усны 78, шугамын усны 58, худгийн усны 29, нийт 165 дээж, эрүүл зүйн бичил нян судлалын 520 арчдас шинжилгээ авч, бүтээгдэхүүний тухай улсын байцаагчийн 42 дүгнэлт гаргасан байна.
Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, засварын ажил хийгдэж байгаа, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн дамжлага, машин, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаар цэвэр усны үйлдвэрлэлээ зогсоосон бусад 13 аж ахуйн нэгж хяналт шинжилгээнд хамрагдаагүй байна.
Шалгалтаар савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэжээ.
Мөн дээжний 9,09 хувьд ерөнхий хатуулаг, 10,9 хувь нь хлорын ион, 2,5 хувьд усны орчин РН, магнийн ион, гидрокарбонатын ион, 6,4 хувьд сульфатын ион, 16,8 хувьд нитратын ион стандартад заасан хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй, савласан ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүй, сэргээдэггүйтэй холбоотой гэж үзсэн байна. Шинжилгээний дүнгээр нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан усны үйлдвэрүүдийн усыг шавхуулж ус нөөцлөх сав, тоног төхөөрөмжийг зааврын дагуу угаалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч дахин дээж авч шинжлүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт