Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой тохиож буй өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших энэ хүндэт өргөөнд хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүндэт иргэдийнхээ төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Мөн эдгээр өдрүүдэд Монголын ард түмэн орчин цагт эрх чөлөөтэй сэтгэн бодох, эрх чөлөөтэй бүтээн туурвих, үйлдвэрлэн босгох, хувь заяандаа эзэн болох, эрх чөлөөтэй амьдрах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ олж, жинхэнэ эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрсэн түүхэн боломжийн 25 жилийн ой тохиож байгаа нь онцлууштай.
Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны болон иргэдийнхээ эрх чөлөөг язгуур утгаар нь олж авсны ойг таацуулж, эх орныхоо хөгжил дэвшил, эрх чөлөөний эрхэм үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга мянган бүтээлч, хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэндээ баяртай байна.
Энэ танхимд манай орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл болон мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд сэтгүүлч, дасгалжуулагч, шатарчин, зохион бүтээгч, жолооч, яруу найрагч, хөгжимчин, инженер, зурагчин, малчин, эх баригч, спортын алдартнууд, цэрэг тусгай байгууллага, соёл гэгээрлийн зүтгэлтнүүд гээд салбар салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр үнэллээ.
Би бас шагнал хүртэгсдээс зарим хүнийг онцлохыг хүсэж байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Сангийн аж ахуйг Удирдах ерөнхий газрын даргын албыг хашиж байгаад Өвөрхангай аймгийн Сант сумын Хөгжил нэгдлийн туслах хоньчиноор ажиллах болж, амьдралын бартаа нугачаа, бэрхшээл сорилтыг туулан, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг бие, сэтгэлээрээ гүнзгий мэдэрч явсан, XX зууны Монголын төрийн алдаа, онооны бодит гэрч, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз гуай "Монгол Улсын гавьяат эдийн засагч" цол хүртлээ.
Алаг дэлхийд мэндэлсэн олон шинэ хүнийг өлгийдөн авсан, алтан гартай ачтан, Улсын клиникийн Нэгдүгээр төрөх газрын эх баригч эмч Банзрагчийн Оюунгэрэл гуай "Монгол Улсын Хүний гавьяат эмч" цол хүртлээ.
Ардчилсан хөдөлгөөний сүлд дуу-"Хонхны дуу"-г хөгжимдөж дуулсан, хөгжмийн урлагийн олон шилдэг бүтээл туурвисан, "Хонх" хамтлагийн хөгжимчин Намсрайжавын Энхбаяр "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртлээ.
Хятад хэлний орчуулагч МОНЦАМЭ агентлагт олон жил ажилласан ахмад сэтгүүлч, редактор Цэрэнгийн Сүрэнжав гуай "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртлээ.
Эх орныхоо нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа Жудо бөхийн дэлхийн аварга, жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ганбатын Болдбаатар, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Ням-Очир, Шатрын оюутны дэлхийн аварга, олон улсын шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар "Монгол Улсын гавьяат тамирчин" хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ямагт сайн сайхан амжилт авчирдаг. Олон мянган иргэдийн сайн сайхан амжилтаас улс орны өнгөлөн дэвжих сурвалж эхээ авдаг. Түүхэн тэмдэглэлт өдрөөр өөрийн амжилтаа үнэлүүлсэн Та бүхнийхээ гэр бүл, хамт олон, эрхэм хүмүүст тань чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн олон жилийн амжилт бүтээлээ бусадтай хуваалцаж Монголынхоо сайн сайхныг улам дүүргэж явахыг эрхэмлэн хүсье. Их баярлалаа” хэмээв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт