Швейцарь улсын Лозанн хот дахь Олимпийн музейд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийг дэлхий даяар урагшлуулан хөгжүүлэх “Супер 8” арга хэмжээний нээлтийн ёслол ирэх сарын 14-нд болно. Уг арга хэмжээний элчээр АНУ-ын бөх, 2012 оны ДАШТ-ий мөнгөн медальт Хэлэн Марулис, Колумбийн бөхийн холбооны ерөнхийлөгч Фанни Эчеверри, Итали улсын иргэн, олон улсын шүүгч Эдит Доша, Канад улсын иргэн, ДБНХ-ны Товчооны гишүүн, 2004 оны олимпийн аварга Кэрол Хвин, ОХУ-ын бөх, олимпийн аварга Н.Воробьева, Сенегал улсын бөх Изабелла Самбу, Шведийн бөх, 2012 оны дэлхийн аварга София Матссон, Японы бөх, олимпийн гурван удаагийн аварга Саори Йошида нарыг сонгожээ. Элч нар нь тус тусын эх оронд болох, эмэгтэйчүүдийг спортод татан оролцуулах янз бүрийн арга хэмжээнд тухайлбал эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн зохиох, хамтарсан сургуулилт хийх, сурталчилгааны арга хэмжээнд оролцох зэрэг арга хэмжээнд оролцох юм. “Супер 8” арга хэмжээний хаалт ирэх жилийн гуравдугаар сарын 8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох эмэгтэйчүүдийн багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээний үеэр болох аж.
ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович “Супер 8” арга хэмжээний зорилгын талаар “Эмэгтэйчүүдэд спортын талбарт өөрийгөө харуулах боломж олгох талаар бид дэлхийд тэргүүлэх зорилго тавьж буй. Тиймээс саяхан Москва хотод болсон европийн орнуудын “Үндэстнүүдийн цомын төлөө тэмцээн”-ий үед “Супер 8” арга хэмжээнийн зохиох шийдвэр гаргасан. Манай холбоо бөх барилдах сонирхолтой бүх насны эмэгтэйчүүдийг дэмжих болно.Хүйсийн тэгш харьцаа, эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх бололцоо бүрдүүлэх нь Олон улсын олимпийн хөдөлгөөний суурь зарчмуудын нэг.
Бид Олимпийн хөдөлгөөнд тэргүүлэгч байхын төлөө явж буй болохоор эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн спортыг түлхүү хөгжүүлэх нь бидний үйл ажиллагааны чухал чиглэлийн нэг болж байна” хэмээн онцлон өгүүлжээ. Дэлхийн нэр хүнд бүхий английн “SportBusiness International” сэтгүүлээс тухайн онд өвөрмөц шинэ санаа, бизнесийн шийдвэр гаргаж тэдгээрийг ажил хэрэг болгож чадсан спортын зүтгэлтнүүдийг шалгаруулж, оны спортын шилдэг менежерээр тодруулдаг. 2014 оны спортын шилдэг 20 менежерийг уншигчдынхаа санал асуулгаар саяхан тодруулахад Н.Лалович хоёр дахь жилдээ багтсан байна. Өнгөрсөн жил бөхийн спортын төрлийг олимпийн наадмын хөтөлбөрт эргүүлэн багтаахын төлөө явуулсан олон талт үйл ажиллагаагаараа тэрбээр тодорч, 11 дүгээр байранд орж байсан бол энэ онд 9 дүгээрт бичигджээ. ДБНХ-г чадварлаг удирдаж энэ жил бөхийн барилдааны дүрмийг өөрчилж үзүүштэй, өрсөлдөөнтэй болгосон, тус холбоонд бүтцийн өөрчлөлт хийж хүйсийн тэгш бус байдлыг халж маркетинг, сурталчилгааны хэлтсүүдийг шинээр байгуулсан хэмээх үзүүлэлтээр спортын шигдэг менежерийн нэг болжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт