ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Туялзуур сэлэмний Азийн аваргын тэмцээн Монголд болно

     "Токио 2020"-ын төлөө
    Монголын туялзуур сэлэмний холбоо, Японы туялзуур сэлэмний холбоо, "Токио 2020" олимпийн наадмыг зохион байгуулах хороо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Японы домогт сэлэмчин, олимпийн хошой мөнгөн медальт, Олон улсын туялзуур сэлэмний холбооны Тамирчдын комиссийн дарга Юки Отаг Монголын туялзуур сэлэмний багийн Япон дахь элч төлөөлөгчөөр сонгосноо баталгаажуулав. 

    Сонирхлын бичигт Юки Ота болон МТСХ-ны Дэд Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, “Тайж” группын Ерөнхийлөгч Л.Ганпүрэв нар гарын үсэг зурсан юм.  

    Энэхүү санамж бичгийн хүрээнд Юки Ота Монголын сэлэмний багийг 2020 он хүртэл Япон улсад төлөөлж, жил бүр Монгол Улсад зочлон туялзуур сэлэмний спортыг сурталчлах юм.

    Юки Ота
    1985 онд төрсөн түүнийг “Бээжин 2008” олимпийн наадам хүртэл хэн ч таньдаггүй байв. Туялзуур сэлмийг төдий л ойшоодоггүй байсан япончуудад энэ спортыг таниулж, олимпийн үндсэн спорт болгож, нэр алдарт хүргэсэн хүн бол тэрбээр. Бээжингийн олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, түүнийхээ дараа хэвлэлийн бага хурал хийн Японы ард түмэнд туялзуур сэлмийн спортыг дэмжихийг уриалсан. Тэрбээр оролцсон тэмцээн бүртээ түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлэх болов. 

    Түүний нөлөөгөөр туялзуур сэлмийг япончууд дэмждэг болсон байна. Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр Лондонгийн олимпийн наадамд оролцож, багийн төрөлд мөнгөн медаль авснаар олимпийн медалиа ихэрлүүлсэн.

    Түүнийг “Токио 2020” олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөөх нэр дэвших хороо “Элч тамирчин”-аар сонгосон. Японы тамирчдаас энэ үүргийг ганцаараа хүлээж, элчээр ажилласан тэрбээр эрх авахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг байв. Өдгөө туялзуур сэлэмний тамирчдыг олон улсын байгууллагуудад төлөөлөх эрх хүлээж, Олон улсын туялзуур сэлэмний холбооны тамирчдын комиссийн даргаар сонгогдон ажиллаж буй.

    Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Монголд болно

    Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдаж, уг спортыг хөгжүүлэх, сурталчлан олон хүн хамруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. 2013 онд холбооны Их чуулган болж, ерөнхийлөгчөөр нь Ц.Даваацэрэн сонгогдов.

    Үүнээс хойш туялзуур сэлэмний клубийн тоо таваар нэмэгдэж, хичээллэгсдийн тоо дөрөв дахин өсчээ. Жилд олон улсын 10 гаруй тэмцээнд тамирчдаа илгээж, дотоодын 20 гаруй тэмцээн зохион байгуулж байна.

    Тус холбоо нь 2015 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассемблейг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй