Амьдралд бусдын тусыг авалгүй өөдөлж дэвжсэн хүн гэж нэгээхэн ч үгүй. Хариу нэхээгүй тусыг бид хайр гэж нэрийддэг бол өөрт байгаагаа бусдад илүүчлэхийг тус хэмээн нэрлэдэг.

Түүх ингэж эхэлжээ
Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн эцэг эхийн хурал дээр ангийн багш сурагчдынхаа аав, ээжүүдэд хандаж ангид нь амьдралын боломж тааруу нэгэн сурагч байдаг. Түүнд туслаач хэмээн хүсчээ.
Хичээлээсээ ирсэн хүү аавдаа ингэж ярьжээ. Манай ангийн нэг охин өдөр болгон хичээлээ тармагц Гандан орж дэлгүүрээс жаахан будаа худалдаж аваад түүнийгээ зарж олсон мөнгөөрөө сургуулийн гуанзнаас дөрвөн ширхэг пирошки худалдаж авдаг. Тэгээд хоёрыг нь өөрөө идэж, үлдэх хоёроо ээждээ өгдөг.
Сэтгэлийн дуудлага
Ангийн багшийн хүсэлт, хүүгийнхээ яриаг сонссон эцэг, эхчүүд фэйсбүүк олон нийтийн сүлжээнд зар тавьжээ. Энэ зарын дагуу 20 гаруй хүмүүс цугларч хэрхэн туслах тухай ярилцжээ. Сэтгэцийн өвчинтэй ээжийнхээ хамт өсвөр насны хүү, охин хоёр амьдардаг аж. Тэд эхлээд хандивын данс нээх болов. Бас өөрт байгаа мөнгөө хандивлахаар боллоо.
Чих худалч нүд үнэн
Туслахаар ирсэн хүмүүс тэдний хэрхэн амьдардгийг нүдээр үзэхээр гэрт нь очиход өвлийн хүйтэнд дан бүрээстэй, униных нь тал алга болсон, дулаалгагүй, мөс шиг хүйтэн гэр угтжээ. Уг нь хүү, охин хоёрын эмээ амьд байхдаа тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө өнөө маргаашаа залгуулчихдаг байж. Харамсалтай нь бурхан болсноос хойш тэдний амьдрал уруудсаар ийм байдалд хүрчээ.
Дэм дэмэндээ
Тэдний ээж төрөлхийн солио өвчтэй биш ажээ. Цэцэг цэврүү шиг залуу насандаа танхай залууд дээрэмдүүлж, гарт нь өртсөнөөс сэтгэлийн гүнзгий цочролд орж ухаан санаа нь зэрэмдэглэгдсэн гэнэ. Түүний өвчтэйг далимдуулж бөмбөгөр орчмын “өвгөнтийнхөн” гэрт нь цуглаж хоног төөрүүлдэг болжээ. Хүүхдүүд нь тэднээс айж дайжиж зугтдаг, хүчирхийлэл дарамтан дор амьдарч байв.
Сэтгэлд гал байхад
Ээж, хүү, охин гурав сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар өвлийн тэсгим хүйтнийг нийтийн байранд өнгөрүүлжээ. Өрөөнд нь залуус хэрэгтэй гэсэн бүх л тавилгыг худалдаж авахыг нь авч, зарим нэг нь гэрээсээ илүүчилжээ.
Эхлэх ажлын тал
Хүү, охин хоёр ааваа хэн болохыг мэдэхгүй. Ээж нь ч мэдэхгүй. Тэднийг хүн болгосон ачтан бол эмээ нь. Эмээгээ тэд бурхны орноос өөрсдийг нь харж буй гэдэгт итгэдэг. Анх туслахаар цугларч байсан 20 гаруй хүнээс одоо Г.Ганзориг хэмээх залуу л үлджээ. Түүнтэй харилцах бол 99052352 дугаарт холбогдож болно. Тэнэмэл хүү сурч байсан сургуулийнхаа багш нарын ачаар МСҮТ-д элсэн одоо 1 дүгээр курст суралцаж байна.
Амьдрал үргэлжилсээр
Асуудлын цаана дахиад асуудал байдаг гэдэг шиг хүү, охин, ээж гурвын амьдрал амар сайхан болчихоогүй. Хүү сургуулиа төгсөн ажил хийж анхны цалингаа авч, амьдралаа өөрийн гараар босгон эх, дүү хоёроо авч явах тэр үе хүртэл дахиад гурван жил байна. Энэ гуравхан жилийг аргалчихвал тэр элэг бүтэн, хайр дүүрэн, сайхан амьдралаараа өөрт нь тусалж дэмжсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлэх болно. Түүнд сайхан мөрөөдөл бий.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт