Нүүрсэнд хувь заяагаа даатгасан Монгол
Энэ найман сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар буурч Монгол Улсын эдийн засаг улам хүнд байдалд оров. Гадныхан хөрөнгөө голчлон уул уурхайн салбарт оруулах сонирхолтой байдаг ч үүнийг нь дэлхийн зах зээл дэх нүүрс, зэсний үнийн уналт, Оюу толгой, Монголын Засгийн газар хоорондын татварын хэрүүл хязгаарлаж, болгоомжлоход хүргэсэн. Ингэснээр валютын хомсдол, эдийн засгийн уналтад орсон Монгол Улсын хувьд гол найдвар нь уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах болж хувирсан ч энэ нь бас л бүтэхгүй тал руугаа эргэж байх шиг байна.
Ирээдүйтэй Ухаа худаг
2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ухаа худгийн нөөц 435 сая тонн. Жилд 15 сая тонныг олборлох хүчин чадалтай. Үүний зэрэгцээ тус уурхайд “Энержи Ресурс” ХХК Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, үйлдвэрийн зориулалтын 245 км хатуу хучилттай авто зам, орон сууцны хороолол барих төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил 10 сая тонн нүүрс олборлосон ч энэ оны эхний зургаан сарын байдлаар дөнгөж 3,6 сая тонныг олборложээ. Баяжуулсан нүүрсний үнэ 68-70 ам.доллар байгаа энэ нөхцөлд тус уурхай ашигтай ажиллах бус дөнгөн данган өнөө маргаашаа аргацааж байгаа юм. Ухаа худгаас Хятадын хил хүртэл төмөр зам барьчихвал нүүрсний тээвэрлэлтийн үнэ хямдарч, ачаа эргэлт ихсэн ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Хэдий төмөр зам барих гэрээ хийгдсэн ч хэрэгжих хүртлээ цаг хугацаа авах нь тодорхой.
Амиа аргацааж яваа бага Тавантолгой
Орон нутгийн эзэмшилд 51 хувь нь байдаг бага “Тавантолгой” хувьцаат компани жилд 6.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч энэ чадлаараа энэ онд ажиллахгүй байгаа. Уг нь дэлхийд хамгийн хямд зардлаар коксжих нүүрс олборлодог тус уурхай тонн нүүрсээ 35 ам.доллараар борлуулж арай ч сөхөрчихгүй яваа ажээ. Аймгийн төсвийн 50-60 хувийг нуруундаа үүрдэг “Таван толгой” компанийн менежментийг хувийн аж ахуйн нэгж авч явдаг учраас өдий зэрэгтэй байгаа нь энэ юм. Улсын төсөвт нэг их гялтайлгаад байх мөнгө өгөхгүй нь тодорхой болсон.
Хэзээ сэхэх нь бүү мэд “Эрдэнэс Тавантолгой”
2010 оны 12 дугаар сард байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт явуулж буй талбай уг нь 6.8 тэрбум тоннын нөөцтэй. Эхнээсээ хэл амтай байгуулагдаж, байнга өртэй явсан тус компани одоо ч өртэй хэвээр. Баруун, зүүн Цанхид олборолт явуулж байгаад зүүн Цанхийн олборолтоо зогсоожээ. Учир нь оператор компани нь нэг тонн нүүрсийг 70 ам.долларын өртөгтэй олборлож байгаа нь алдагдалтай ажиллахад хүргэсэн тул гэрээгээ цуцалжээ. Тус уурхай төрийн мэдлийнх учир “Чалко” компанид төлөх Монгол Улсын өрийг дангаараа хариуцах болсон. Одоогоор “Чалко”-д төлөх ёстой өрөөс 110 сая ам.доллар үлдсэн бөгөөд зах зээл дээр нүүрс 35-40 ам.доллар гэхээр гурван сая тонн нүүрс олборловол өрөөс мултарна. Эл уурхай энэ ондоо багтаж өрөө дарвал их юм ба мөнгө горьдолтгүй.
Гацаанд байгаа “Оюу толгой”
ТЭЗҮ-ээр 15 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэх “Оюу толгой” хэмээх аварга төсөл эхлээд 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Оюу толгой” компанийн нөөцийн 70 хувь нь гүний уурхайд байдаг. Гүний уурхайг ашиглах асуудал 130 сая ам.долларын татварын асуудлаас болж гацаж, үүнээс үүдэн “Оюу толгой” компани ТЭЗҮ-гийн тодотголоо хүртэл өгөхгүй хэмээн гэдийсэн. Энэ тодотголоор нөөц нэмэгдэх магадлал тун өндөр байгаа юм. Бүтэн жил гаруй хугацааг дамнасан хэрүүл эцэст нь 30 сая ам.долларын татварыг “Оюу толгой” төлж магадгүйгээр дууссан ч энэ нь бас яг авна гэсэн үг биш юм. “Рио Тинто” эс зөвшөөрвөл хэрүүл дахиад цааш үргэлжилнэ. Уг нь энэ онд тус компани 600 мянган тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй байсан ч хоёр ч удаа шугаманд нь гэмтэл гарсан учир энэ тоо багасч байгаа аж. Ямартаа ч хоёр тэрбум долларын орлого олох тооцоо гарч байгаа. Үүнээс манайх 100 гаруй сая ам.долларын татвар авна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусч энэ ондоо багтаж эхэлсэн ч ашгаа ирэх жилээс өгч эхэлнэ.
Хөшөөтийн уурхай хөгжих замдаа
“Монголиа Энержи Корпораци” компани Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлож 500 тонныг Хятад руу гаргасан байна. 149 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Хөшөөтийн ордод нүүрсээ хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулагдаад байгаа ажээ. Мөн Ухаа худагт “Энержи Ресурс” компанийн байгуулсантай адил нүүрс угаах үйлдвэр байгуулсан ч энэ үйлдвэр нь Монголын нутагт бус Булганы боомтоор дөнгөж гараад Хятадын Такашикэний боомтод байгаа юм. Энэ ондоо улсад тоймтой ашиг өгөхгүй.
Хятад дахь нүүрсний хэрэглээ
Хятад улс он гарсаар гаднаас авах нүүрсний хэрэглээгээ 40 хувь бууруулсан байна. Дотоодын нүүрсний үйлдвэрлэл 1.8 хувь буурчээ. Үүнээс гадна 1000 гаруй жижиг уурхайгаа татан буулгажээ. Дээр нь ОХУ-аас байгалийн хий импортлох гэрээ байгуулсан нь Хятад улс нүүрсэнд ач холбогдол өгөхөө бууруулж буйгаа илтгэж байгаа хэрэг юм. Мөн Бээжин, Шанхай зэрэг арваад том хот нүүрсний хэрэглээнээс шалтгаалж агаарын бохирдол дээд хэмжээнд хүрээд байгаа тул татгалзахад хүрээд байгаа ажээ. Хятадууд ирээдүйд байгалийн хийг сонгож байна.
Монгол мөрөөдөл ба төсөв
Энэ жил 1.4 их наяд төгрөгийг уул уурхайгаас олно хэмээн улсын төсөвт суулгасан. Үүний 602 тэрбумыг нүүрсний экспортоос олохоор төлөвлөсөн байдаг. Гэвч Монгол Улсаас нүүрс импортлогч Хятадын өнөөгийн нүүрсний хэрэглээ, ирээдүйг харахад энэ мөнгийг олох ч үлгэр болох бололтой. Тэгэхээр улсын төсөв энэ хэрээр тасарна гэсэн үг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт