

Монгол Улсын Ерөнхийлөгч твитер хуудсандаа “Хариуцсан хүн бүрээс нь бодит шийдэл, ахиц, үр дүн нэхэх 3-н тулгамдсан асуудал байна. 1.Утаа 1.Хүүхдийн эмнэлэг 1.Замын осол. Хамт шаардая” хэмээн жиргэжээ. Хамгийн чухал асуудал бол утаа хэмээн тэрээр онцолж хариуцсан хүнээс утаагүй болгож өг хэмээн шаардахыг хүсчээ.
Анх 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг санаачилж батлуулсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан түүхтэй. Гол хэрэгжүүлэгч нь Агаарын чанарын алба. Ингэснээр Монгол Улс утаатай албан ёсоор дайн зарласан юм. Утааг бууруулах үүднээс хамгийн түрүүнд хийсэн ажил бол утаагүй зуухыг олноор үйлдвэрлэж гэр хорооллын айлуудад түгээх байв. Энэ ажлыг “Цэвэр агаар” сан хариуцахаар болжээ. Ингээд иргэдэд хямдралтай үнээр хэдэн мянган зуух тарааснаар утааг 20 хувь хүртэл бууруулсан хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн. Харамсалтай нь “MCS”-ийн үйлдвэрлэсэн, Турк зуух хэмээгдэх төслийн зуухыг хоёр жил тарааж утаатай тэмцсэн “Цэвэр агаар” сангийн удирдлагууд хэдэн тэрбум төгрөгийн асуудалд холбогдон шүүхээс ял авцгаав. Нэрэнд сэвтэй энэ явдлаас хойш удаа ч үгүй Ерөнхийлөгчийн дэргэд байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан Ерөнхий сайдын мэдлийн хамрах хүрээнд очсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагааны тэргүүлж байсан АББҮХ-г Н.Алтанхуяг удирдаж гишүүнээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Л.Эрхэмбаяр ажиллах болжээ. Тэгвэл дээр дурдсан Үндэсний хороо, санд ажиллаж байсан хүмүүс тухайн үед юу ярьж, ажлаа хэрхэн дүгнэж байсныг хүргэе.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр телевиз, радиотой хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан өнөөдөр МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир, UBS телевизийн захирал Л.Балхжав нарыг хүлээн авч уулзлаа.
Нийслэл хотын өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж Агаарын бохирдлыг бууруулах талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсны үндсэн дээр 2011 оны тавдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэлээд ажил хийж энэ онд гэхэд гэр хорооллын өрхүүдийн зуухыг солих ажлыг дуусгаж байна. Үлдсэн 45 мянган айлын зуухыг сольсноор энэ ажил шувтрах юм. Зуух солих ажил амжилттай хэрэгжиж байгаа боловч ТЭЦ-II амлалтаа хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж түлш солих ажилд хүндрэл бэрхшээл учирч буй. Нийслэлд жилд 500 гаруй мянган тонн шахмал түлш хэрэгтэй байдаг. Үүнээс 210 мянган тонныг ТЭЦ-II үйлдвэрлэхээр амласан ч хэрэгжүүлж чадаагүй байна. Ийм бэрхшээл байгаа боловч өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц дэвшил гарсан.
www.president.mn /2013.09.19/
Цэвэр агаар сан 2014-2015 онд 20 тэрбум төгрөг “зарлагадна”
Монгол улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Г.Баярсайхантай ярилцлаа.
-“Цэвэр агаар” сангийн удирдлагуудтай холбоотой асуудлаас болж тус сангийн үйл ажиллагаа зогсонги байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Танай ажил тавлаг уу?
-2013 оны 7 дугаар сард авилгатай тэмцэх газраас “Цэвэр агаар” сангийн зарим ажилтнуудад албан тушаалаа урвуулан ашигласан, зүй бусаар төсвийн хөрөнгийг зарцуулсан гэсэн үндэслэлээр шалгасан. Саяхан анхан шатны шүүхээс ял төлөвлөж эдлүүлж байгаа. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ тус сангийн үйл ажиллагааны залгамж чанарыг алдагдуулаагүй байна. Үүнээс хойш “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны удирдлагууд ч өөрчлөгдсөн. Өмнө нь үйл ажиллагааны чиглэл нь ерөнхийлөгчийн хариуцах асуудлын хүрээнд байсан бол одоо засгийн газрын мэдэлд очиж “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болсон.
-Бүтцийн өөрчлөлт орсноос хойш юу хийж байна вэ?
-Энэ хугацаанд агаарын бохирдлыг бууруулах тал дээр бодлогын шинжтэй зүйл их хийж байна. 2014-2015 оны өвлийн улиралд утааг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах тухай яригдаж, иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал санаачлагыг сонсож байна. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” бодлого боловсруулдаг. Манайх хөрөнгө зарцуулах, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг.
-Сангийн төсвийг хаанаас зохицуулдаг бэ?
-Энэ сангийн төсөв агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Тээврийн хэрэгслүүд, нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдээс тонн тутмаас нь 1000 төгрөг Цэвэр агаарын санд орж ирдэг. Энэ дагуудаа л 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа.
tseveragaar.mn /2014.04.19/
Хариуцсан хүнээс нь хамт шаардъя
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч маань өөрөө жил гаруйн өмнө утаагүй зуух “тараан” утаатай тэмцэж явжээ. Харин түүний халааг авсан Н.Алтанхуягийн хувьд жил ажиллахдаа зуух тараахаас гадна дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн нам даралтын зуухаар халдаг нийслэл дэх сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүд зэрэг 2000 гаруй байгууллагыг төвийн дулаантай холбох ажлыг хийж утаатай тэмцжээ. Нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж авчраад загнахдаа “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа та өөрийнхөө яриад байгаа үйлдвэрийг байгуулах, бүтээх боломж байсан. Бүтээ гэж сайдаар таныг томилоо биз дээ” гэсэн утгатай үгсийг унагасан. Ерөнхийлөгчид ч гэсэн утаатай тэмцэх маш том боломж байжээ. Үүнийгээ ч ашиглаж ирж. Даан ч доор нь ажиллаж байсан хүмүүс төрийн мөнгө идээд шоронд оров. Унхиагүй төр нь утаагүй Улаанбаатар болгох гэж дөрвөн жилийн дотор 60 тэрбумыг салхинд хийсгэж, иргэдэд тараасан хэдэн арван мянган утаагүй зуух нь нийслэлийг утаанаас салгаж чадсангүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд утаатай тэмцэх боломж одоо ч нээлттэй. Учир нь түүний зөвлөх Л.Эрхэмбаяр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Энэ хүнээр дамжуулж тэрээр утаатай тэмцэж, өөрийнх нь хэлснээр бодит шийдэл гарган ахиц, үр дүн гаргаж болно.
Үнэндээ өнөөдөр төр засгаас илүүтэй утаатай хамгийн сайн тэмцэж байгаа ганц зүйл бол салхи юм. Салхитай өдөр хот утаанаас салж түүнийг нь төр засаг утаатай тэмцэж байгаа ажил үр дүнтэй байна гэж тайлбарлаж сууна.
Ерөнхийлөгчийн жиргээг өөрт нь жиргэж шаардъя. Ерөнхийлөгч өө, “Хариуцсан хүн бүрээс нь бодит шийдэл, ахиц, үр дүн нэхэх 3-н тулгамдсан асуудал байна. 1. Утаа 1. Хүүхдийн эмнэлэг 1. Замын осол. Хамт шаардая”!!!
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт