Төв Азийн нутагт нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсан тэр үеэс Хятадын сурвалж бичгүүдэд бөх барилдаж нааддаг тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс ч Монгол хүн бүрийн цусанд бөх барилдах дадал, эв хав үеэс үе дамжин уламжлагдан ирсэн байдаг. Багадаа барилдаж өсөөгүй монгол хүн ч байдаггүй нь үүнтэй холбоотой. Монголчууд хийморь лундаагаа нутаг, нугынхаа бөхчүүдээрээ илтгэж, тэднээрээ бахархаж, бөхөө дээдэлдэг сэтгэлийн угаас хүү төрөхөд бөх болоорой хэмээн ерөөдөг уламжлалтай. Тиймээс ч жилд ганц болдог улсын наадмаа шимтэн үзэж, жил тойруулан ярьдаг. Энэ л ярианы сэдэв болж, олон түмэндээ хүч бяраа гайхшруулж явсан бөх бол Улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумъяабэйс билээ. Начин цолоо баталж хэд хэдэн удаа дөрөв давж явсан аатай начин маань сүүлийн жилүүдэд үзүүлэх амжилт нь тааруухан болж, барилдах нь ч нүдний гэм болоод байсан. Харамсалтай нь өсөх идэр начин маань өвчинд аргагүй л дийлдэж явж. Түүнд зүрхний мэс засал яаралтай хийх шаардлагатай болоод байна. Бөхөд хайртай ард түмнээсээ туслахыг өсөх идэр начны маань гэргий, үр хүүхэд нь элэг бүтэн амьдрал бэлэглэхийг хүсчээ.
Улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумъяабэйс 1975 оны 8 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Наймдугаар ангиа сумандаа төгсөөд аймгийнхаа төвд 1-р сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Энэ үеэс л түүний бөхийн замнал эхэлж аймгийн хурц арслан С.Юнрэнгийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийх болжээ.
Тэрвээр анх, жил бүр уламжлал болон зохиогддог Завхан аймгаас төрөн гарсан Монгол улсын арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх чуулга барилдаанд 36 бөхөөс 28 давж аймгийн начин цолонд хүрсэн түүхтэй. 1992, 1993 оны өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ-нд хоёр удаа дараалан түрүүлэв.
1996 оны Завхан аймгийн баяр наадамд Яруу сумын харьяат а.а Д.Мөнхтөртэй тэргүүн байрын төлөө барилдаж түрүүлэн аймгийн арслан цолонд хүрэв.
1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаанд у.н Н.Мөнхжаргал, Н.Алтансүх /у.х/, Ч.Батзориг, у.ав О.Балжинням нарыг өвдөглүүлж үзүүрт хүрснээр улсын цолонд ойрхон гэдгээ нотлов. Тэр жил түүнийг олон хүн цолонд хүрэх байх гэж итгэж байв. Гэвч 3-ын даваанд у.н П.Ганбаяр агсанд өвдөглөв. Ц.Сумъяабэйс 1998 онд 4-ийн даваанд у.н М.Жамьянпүрэвт, 1999 онд 5-ын даваанд у.з Б.Гантогтоход унасан ч 2000 онд у.н Ц.Энхжаргал, Ш.Лхагвасүрэн, у.з Ц.Баярсайхан нарыг өвдөглүүлж хүсэн хүлээсэн начин цолондоо хүрэв. Начин цолонд хүрснээсээ хойш улсын наадамд тогтмол сайн барилдсан юм. 2002, 2005, 2006, 2007 онуудад тус бүр 4 давж 5-ын даваанд у.з Б.Ганбат, а.а М.Цанлиг, у.н Ц.Цогтжаргал, у.ав Д.Сумъяабазар нарт өвдөглөв. 2009 оны наадмаар дахин 4 давж, 5-ын даваанд бяртай харцага Г.Элбэгийг хаяснаар начин цолоо баталж өсөх идэр чимэг хүртсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт