Монгол Улсын жудогийн үндэсний шигшээ баг Японд болсон 2014 оны сүүлийн “Их дуулга” тэмцээнд оролцоод ирлээ. Харамсалтай нь тамирчид маань медаль хүртэх нь бүү хэл хагас шигшээд ч шалгарч чадсангүй бүгд ялагдал хүлээв. Монголчуудын энэхүү ялагдлын талаар зарим хүмүүс “Манай жүдочид Токиогийн “Их дуулга”-ын шалыг арчиж байгаад ирлээ” хэмээн шүүмжилж байв. Харин энэ ялагдлынхаа тухай, Японд юу болсон, ССАЖЯ тамрчдадаа ямар зан гаргасан талаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа сэтгэлээ ингэж илэрхийлжээ.
Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ
Сайн байцгаана уу? Энэ сошиал ертөнцөд байгаа зарим нэг хүмүүст жаахан юм хэлмээр санагдчихлаа. Спорт бол өрсөлдөөн ялж, ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хүн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч өрсөлддөггүй, мэдээж алдаа оноо байгаа л байх. Алдаан дээрээ ажиллаад сурчихаад дараа дараагийн амжилтаа гаргах ёстой. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай ихэнх тамирчид Олимпийн эрхийн оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа, ахаасаа, эгчээсээ, найз нөхдөөсөө гээд л гуйж түүгээд тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сүүлийн Казакстан, Узбекстан, Солонгос, Япон улсуудад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд хувиараа явж байна. Жүдо бөхийн холбоо маань маш олон хүний, мөн залуу тамирчдын зардлыг энэ жилжингээ гаргасан. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ.
Хэрвээ бид хангалттай мөнгөтэй байсан бол ...
Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж бас тэмцээний заал руу тус бүрт нь 1 цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан. Албан ёсны буудалд буугаагүй гэж бид их шүүмжлүүлсэн, тэмцээнд оролцуулахгүй гэсэн боловч, багш нар маань гуйсаар байгаад тэмцээнд орох эрхээ авч тамирчид маань тэмцээндээ оролцож байна. Ганц энэ тэмцээн биш шүү, олон тэмцээнд амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчид зөндөө л байгаа. 2014 оны Азийн наадамд оролцсон зарим төрлийн тамирчид хувиараа явцгаасан.
Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай
Зарим тамирчид нь байр хоолны мөнгөө өөрсдөөсөө гаргасан. ССАЖЯ төсвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч өдийг болтол байхгvй. Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд. Бодит байдал ийм л байна. Яагаад төсөв нь хүрээгүйг мэдэхгүй юм. Энэ нь долларын өсөлттэй холбоотой байлгүй дээ. Бүх орны тамирчид тэмцээн дуусаад гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ нь их өгөөжтэй, өрсөлдөгч тамирчидтайгаа бэлтгэл дээр барилдаж үзэх боломж олддог юм. Манай зарим тамирчид оролцоно гэхдээ бас хувиараа. Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ.
Хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог
Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болчихдог юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь, хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголттой, тэр орон зайг өөрөө эзлэж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60 кг, 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ. За та бүхэндээ үзэл бодлоо илэрхийллээ. Буруу зөрүү ярьсан бол холбогдох хүмүүс нь уучлаарай.
Токиогийн “Их дуулга”-ын торгон агшнууд
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт