On’n Off-ийн зүрхэн тайзнаа Монголын гайхамшигууд чууллаа. Тус продакшны Ерөнхий захирал, найруулагч С.Ононбат үнэхээр гараа гаргажээ. Тайзны ард Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Ононбатаа, чи ямар нүсэр юм хийсэн юм бэ” хэмээн дуу алдсан гэнэ. Аргагүй юм даа, 20 жилд нэг тохиох тоглолт шүү дээ.
Тоглолтын салхийг “Тугийн бүжиг”-ээр эхлүүлсэн. Чингис хааны байлдан дагуулалтын түүхийг харуулсан энэхүү жүжгийн анхны үзэгчдийн нэг нь Москвагийн Их театрт хуран цугласан олон байсан гэдэг. Оросуудад, тэр дундаа Их театрт хуран цугласан олонд С.Ононбат эх түүхээрээ бэлэг барьсан нь энэ юм. Тиймдээ энэ бүжгээр тоглолтоо нээсэн нь эх түүх, Чингис хааныхаа суу алдраар бахархаж байгаагийн илэрхийлэл байжээ
On’n Off продакшны ойн тоглолтын эхний хэсэг НҮБ-ын биет өв, язгуур урлагийн гайхамшгуудаар дүүрэн байлаа. ҮДБЭЧ-ын бүжигчдийн тэр наалинхай уран хөдөлгөөнийг ээ. Ялангуяа “Жороон жороон”, “Аягатай бүжиг”-ийг үзсэн үзэгчид бүгд нэгэн зэрэг уулга дуу алдаж байсан. Энэ хоёр бүжгийг дэглэсэн бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар..... Францад сургууль төгссөнийхөө хэргийг гаргаж байгаа, аргагүй л унаган авьяастай сод хүмүүн юм байна.
Хөөмий, исгэрээгээр Соёлын төвийн жаврыг үргээж байсан тэрээр бүжигчдийг гарч ирэхтэй зэрэгцэн цуг биелж эхлэв. Үүнийг харсан зарим нь “Ямар элдэвтэй хүн бэ” гэж байсан нь “Жороон жорон”, “Аягатай бүжиг” зэрэг гайхалтай бүжгийнх нь дэргэд “амны зугаа” байсан уу гэлтэй. 20 жилийн ойн тоглолт “Гайхамшигтай” гэдэг үгээр дүүрэн байсны эхэн нь энэ байлаа.
Удаах гайхалтай хэсэг бол Зууны манлай Уртын дуучин Н.Норовбанзадын анхлан дуулсан “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулсан явдал байлаа. Микрофоны согог дууны агуулгыг бууруулсныг эс тооцвол энэ дууг симфони оркестр, морин хуурын чуулгатай дуулсан нь дуучны ур чадварыг харуулсан, хөтлөгчийн хэлснээр “цээж яраад нүцгэн зүрхнээ хүрэх мэт” үзэгчдийн сэтгэлийг хөндсөн бас л сонин сайхан үйл явдал боллоо.
Дуурийн Гавьяат Э.Амартүвшингийн дуулснаар “Аав, ээж хоёр минь” дууг 20 жилийн ойн тоглолтонд сонсох хувь үзэгчдэд оногддог юм байна. Энэ гайхамшигтай дууг өмнө нь олон гайхамшигтай дуучин дуулсан. Бүгд л өөр өөрийнхөөрөө гайхалтай амьдруулсан. Тэгвэл үүн дээр МУГЖ Э.Амартүвшингийн хувилбар ийн нэмэгдлээ. Огт өөр ертөнц, сонгодог зохиолчийн хөгжмийг судсаараа нэвчүүлэн зүрхэн хоолойгоор мэдрүүлсэн дуучин. Түүнийг дуулахад нүдэнд нулимс дүүрээд ирсэн. Хожмоо олон хүний самсааг шархируулсан байна лээ. Э.Амартүвшин ингэж л амьдруулсан. Одоо ч түүний дуу хоолой чихнээ дуурссаар л...
Тоглолтын өрнөл хэсэгт Монголын сонгодог хөгжмийн шилгүүд нэгэн тайзнаа гарах “зурагтай” байж. Энэ цагийн сонгодог хөгжмийн урдаа барих хөгжимчид болох Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хийлч Чулууны Чинбат, АЖ морин хуурч Ч.Батсайхан, морин хуурч Н.Жигжиддорж, Хулан нар нэгэн тайзнаа тоглолоо. Ч.Чинбатыг үзэгчид маань “хийлээ яг л нялх хүүхэд тэвэрч байгаа мэт хайрлан зөөлөн тэвэрч, дотортой, өнгөтэй, гайхамшигтай...” тоглож байгааг шагшин байв. Хулангийн хувьд ОХУ-ын Санктпетрбург хотын Хөгжмийн консерваторыг хийлч мэргэжлээр төгссөн анхны монгол хүн болсон гэдгийг сонсвол ямар зиндааны хөгжимчид нэгэн зэрэг тоглосныг багцаалах болов уу. Хийлийн утаснаас уянгалдаг байсан дэлхийн сонгодог эгшиглэн морин хуурын хоёрхон чавхдсаар тийм гайхамшигтай эгшиглэнэ чинээ санасангүй. Аргагүй л цагийг эзэлсэн морин хуурчид юм байна.
On’n Off 20 жилийн ойн тоглолтын оргил үе нь Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ Б.Шарав нар нэгэн тайзнаа тоглосон явдал байлаа. Энэ тухай үеийн үед ярьж хэлж бичих биз ээ. Тэднийг тус тоглолтонд тоглоочоор оролцох тухай тоглолтын өмнө мэдээлэгдэж байсан. Харин ямар хөгжмийн бүтээлүүдээсээ, хэрхэн хоршиж тоглох нь Ерөнхий найруулагчийн нууц байлаа. Эхэнд Н.Жанцанноровын “Цагаан суварга” эгшиглэсэн бол удаад нь Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” уянгалсан юм. Хамтдаа тоглосон хоёр “бурхан” маань аугаа хөгжмийн зохиолч Чойдогийн “Монголын сайхан орон” симфонийн хэсгээс дуурсгалаа. Үзэгчид босч зогсон удтал алга ташин хүндэтгэл үзүүлсэн. Тоглолтын хөтлөгч On’n Off продакшны дэд захирал Т.Нансалмаа тайзнаа урьсан үгэндээ “Бурхдыг бид газар дээр буугаад ирвэл таних болов уу? Хөгжим бол бурхны хэл юм. Бурхны хэлийг бичдэг хүмүүс бол бурхад юм. Газар дээр байгаа бурхдаа бид бага хайрлаж, хүндэлдэг үү” гэсэн юм бодогдуулмаар үг хэлсэн.
Бид үнэхээр дахин давтагдахгүй, Монголд цор ганц төрөх аугаа бурхдаа бага хүндлээд байна уу...
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг урлагийн суутнууд болох Н.Жанцанноров, Б.Шарав нарын хоршлын араас “Никитон”-ы Бачка, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар төгөлдөр хуурын “тулаан”-ыг үзэх хувь тохиодог л юм байна. Энэ цагийн маань, бидний нүүрийг тахлах хөгжмийн зохиолчид бас чадварлаг хөгжимчид. Бас л гайхалтай тоглолтын хэсэг. Бачка, Чинбаа хоёрыг төгөлдөр хуурын ард зэрэгцэн суухыг дахин харахгүй ч байж мэднэ.
Тоглолтонд оролцсон уран бүтээлчид On’n Off-оор найруулуулж байсан тоглолтууд болон Олон Улсад Монгол өдрүүдээр тоглож байсан бүтээлийнхээ дээжээс попури хийн дууллаа. “Мятрашгүй” Ариунаагийн цээл хоолой, Зууны манлай поп дуучин Сараагийн “бүрхэг шөнийн үүлсийг нэвтлэх мэт тунгалаг” гайхалтай аясууд, “Камертон”-ы дөрвөлийн нэгдэл, Нарангийн сэтгэлийн өнгө, Инээмсэглэлийн тал дүүрэн эрвээхэйн хөнгөн дэвэлт, Харангын “их хүслийн далай”, Болдын онцгой мэндчилгээ гээд олон, олон гайхамшаг, шижир авъяастнуудыг On’n Off нэгэн тайзнаа цогцлоож чадлаа. Хөгжмийг зүрхээрээ сонсдог үзэгчид гэж байдгийг, найрал хөгжимчид, морин хуурын чуулгынхан, сонгодог, ардын, рок поп урлагийнхан маань бас мэдэрч үзэгчид, уран бүтээлчид хамт сэтгэлийн таашаал авч “зүрх нь жаргасан” урлагт умбасан нэгэн орой.
20 жилд нэг л болсон тоглолт...
Магадгүй, энэ тоглолтын талаар ирэх 20 илүү жил ч ярих нь дамжиггүй.
Д.Төв
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт