Одоогоос хоёр сар гаруйн өмнө ээж нь сэтгэцийн эмгэгтэй, амьдралын хүндхэн нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж яваа охин, хүү хоёрт туслах аян өрнөж, тэдэнд хэрхэн тусалсан тухай манай сайт / http://www.hiub.mn/content/read/173.htm / мэдээлж байсан. Тэгвэл тэдэнд туслах аян үргэлжилсээр, уг сайн үйлсийг зохион байгуулж буй Г.Ганзориг хэмээх залуугийн сэтгэлийг танд уламжилъя.
Дуулгах сайхан мэдээ
Өнгөрсөн бямба гаригт амласан ёсоороо Томоо & Жижгээ бас ээж дээр нь байгууллагаас өгсөн нэг тонн нүүрсээ аваачиж өглөө. Их л адал явдалтай өнгөрлөө. Том шуудайнд хувааж хийсэн нүүрсийг ачаад буулгаад ахиад 50 метр орчим огцом жалга руу зөөх гэж Томоотойгоо жаахан ядарлаа. Гэхдээ амбаарт нь оруулж дуусчихаад Томоогоо баяртай байгааг нь харах сайхан байсан. Энэ өвлийг давчихвал Томоо маань дүү, ээж хоёроо аваад явчихаар болсон байна лээ. Шуудайтай нүүрсээ тэврэхийг нь тэврээд үүрэхийг нь үүрч оруулж байсан болохоор би гадуур курткээ шороо болгочих байх гээд тайлаад зогсож байтал Ганзо ах та миний энийг өмсчих даарчихлаа гээд гүйгээд ирэхэд ч хүч ороо л ирдэг юм байна лээ. Оройн нь Томоо, Жижгээ бас тэдний Мишээл гээд найзтай нь бид дөрөв "Жүр Үр" кафе орж идэхийг хүссэн амттангуудаар нь дайлав. Юмаа идэж гарч ирээд найз Л.Гомбосүрэнгийн намар дамжуулж өгөөрэй гэсэн хоёр ширхэг утасны дугаарыг өгч тэднийг баярлуулсан юм. Тэр хоёр утасгүй байсан болохоор өгч чадахгүй яваад байсан юм. Одоо ямартай ч дугаартай болсоон. Баярлалаа.
Нүүрс авахад бүх зүйлээр тусалсан Д.Өнөрзориг, Н.Пүрэвсүрэн хоёртоо баярлалаа.
Р.Одноо маань “Ээжид нь өгөөрэй” гээд зун өгсөн цайг бас дамжуулсан шүү, баярлалаа.

Таны тус сэтгэлд гэрэл асаана
Анх уулзаж байсан үеэ бодоход хамаагүй өөр болсон шүү. Энэ хүртэл ирэхэд энэ ажлыг эхлүүлсэн хэсэг хүмүүсийн хүчин чармайлт их байсан. Гэхдээ замын дундаас алга болсонд сэтгэл дундуур явдаг.
За үлдсэн ганц асуудлаа ярья. Тэр гурав тог цахилгаангүй жил гаран явж байгаа юм. Хорооны засаг даргатай нь уулзсан, ямартай ч нийт цахилгааны төлбөр 180 мянган төгрөг хуримтлагдсан. Үүнийг нь төлчихвөл холбоод өгч болно гэсэн. Хоёр дүүдээ ерөнхийдөө нэг зүйлийг ойлгуулсан. “Ахых нь туслаж чадах зүйлс одоо бага болсон шүү. Та хоёроос их зүйл шалтгаална. Олон хүн итгэж байгаа. Миний дүү нар, ээжтэйгээ сайхан амьдрах ёстой шүү” гэж Томоодоо захиад урмын хэдэн үг хэлчихээд явсан. Найзуудаасаа ахин гуйлга гуйя. 5000 төгрөг болон дээш мөнгөөр туслаарай найзууд аа. Та нарын гаргаж буй тус дэм сургуулийн хоёр хүүхэд, тэдний ээжийн сэтгэлийг, гэрийг гэрэлтүүлэх юм шүү.
Талархах учир
Хоёр хүүхдийн ээж нь сэтгэцийн өвчтэй. Хэдий тийм ч эх хүний сэтгэл ямар ч үед үр хүүхдэдээ байдаг юм байна лээ. Томоо, Жижгээ хоёрт эрүүл саруул ээж аав, нааш ир гээд татаад авах хамаатан садан ах эгч байхгүй. Тийм болохоор энэ гэр бүлд туслаж байгаа бүх найзууддаа баярлалаа.
Hope.mn-Helping other people everywhere!
Хүндэтгэсэн Г.Ганзориг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт