ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Virtuoso” академийн шагналтнаар морин хуурч Н.Жигжиддорж тодров

    "Virtuoso-2014" гала тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Энэ тоглолтыг санаачлан, 13 жилийн турш зохион байгуулсан "Виртуозо" академи энэ удаагийн тоглолтод урилгаар оролцсон уран бүтээлчдийн дундаас онцгой нэгнийг тодруулан "Виртуозо уран бүтээлч" хэмээн өргөмжилж, академийнхаа нэрэмжит цом, шагнал гардуулж байхаар болсон билээ. Академийн анхны нэрэмжит шагналтнаар “Морин хуур”чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж тодров. Тэрбээр төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын "Хэлхээ аялгуу" бүтээлийг Монголдоо анх удаа тоглолоо.                                                 Н.Жигжиддорж

    Уг гала тоглолтод оролцсон хамтлаг, дуучин, хөгжимчин, бүжигчид ямар бүтээлээр олны сонорыг мялаасныг хүргэе.

    ҮДБЭЧ, "Хөсөгтөн" хамтлагийн хөгжимчин, СУИС-ийн багш Ч.Амарбаясгалан хөгжмийн зохиолч Д.Ариунболдын ятга хөгжимд зориулсан концерт тоглосон юм.

                                                          Ч.Амарбаясгалан

    Шижигнэсэн залуу уран бүтээлчдийн цоо шинэхэн “Unico” ensembe Монголын хөгжмийн амьдралд өнгө, хөг нэмсэн. Тэд хөгжмийн зохиолч Ф.Пулёнкийн SEXTET болон Ф.Фаркасын "Эртний таван бүжиг" зохиолын V ангийг тоглож, үлээвэр хөгжим төгөлдөр хууртай хэрхэн хоршиж тансаг аялгуу эгшиглүүлдгийг сонордуулсан юм.                                                 “Unico” хамтлаг

    Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгаас хоёр уран бүтээлч сонгогдсоны нэг нь гоцлол бүжигчин Т.Содгэрэл. Мэргэжил нэгт нөхөр нь оны шилдгүүдийн нэгдсэн тоглолтод оролцож буйг дэмжин, тус чуулгын бүжиг ангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж Филармонийн тайзнаа бүжиглэн үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлээд авсан.
    Хөгжмийг "Хөсөгтөн" хамтлагийн ахлагч Ариунболд, бүжгийг гавьяат жүжигчин А.Даваахүү "Боржигон талын залуус".
    Гоцлол бүжигчин СТА Т.Содгэрэл, СТА Ч.Сэсээрхүү                                           "Түмэн эх" чуулгын бүжигчид

    Улсын филармонийн контрбасс хөгжимчин Л.Сугархүү Италийн хөгжмийн зохиолч Боттесинийн бүтээл “Тарантелла”-г тоглоход үзэгчид алга нижигнүүлэн ташиж баяр хүргэв.                                                      Л.Сугархүү

    Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар уртын дуу “Идэр жинчин”,  ардын богино дуу “Лоолой”-г дуулж ардын богино дууны донж маяг, хэв шинжийн онцлогийг үзэгчдэд мэдрүүлж чадсан.                                                    Б.Мөнхбаатар

    Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин Т.Содгэрэл бүжгээр хөгжим тоглох мэт. Хөгжмийн найруулагч Н.Халиуны найруулсан бүтээлийг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглосноор хөгжмийг нь шийдэж, бүжиг дэглээч Хашхүүгийн дэглэсэн “Санахуй” монгол модерноор тэрбээр тайзан дээр хөдөлгөөн урлаж бүжиглэв.                                                             Т.Содгэрэл

    Монгол үндэсний хөгжмөө жааз хэмнэлд хоногшуулан улс гүрэн дамнан тоглож явдаг этно жааз "Арга билэг" хамтлаг "Жалам хар", "Алсын газрын зэрэглээ"-гээ тоглож үзэгчдийг “байлдан дагуулсан”                                           "Арга билэг" хамтлаг

    Утсан хөгжмийн La Campanella дөрвөлд үзэгчид халуунаас халуун алга ташилт бэлэглэсэн юм. Тэд хөгжмийн зохиолч М.Равелийн "Assez vifTres rythme 6.06" зохиолыг тоглож сонсгосон. Импресионизмын нэрт төлөөлөгчийн нэрийн хуудас болсон уг бүтээлийг энэ залуусын тоглосноор дахин сонсох боломж олдох биз ээ.

    ХБК-ийн морин хуурын ангийн оюутан Э.Мөнхбаяр "Virtuoso-2014" гала тоглолтод Н.Паганинийн "Moses fantasy" зохиолыг тоглосон нь үзэгчдийн таамаглаж байгаагүй бүтээл байв. Виолончельд зориулсан уг зохиолыг үндэснийхээ морин хуур хөгжмөөр тоглоход нэгэн өвөрмөц аялгуу мэдрэгдсэнийг үзэгчид "Тансаг" хэмээн хүлээж авав. Түүний мэргэжлийн багш нь СТА Н.Буянбаатар.                                                           Э.Мөнхбаяр

    -ийн төгөлдөр хуурын ангийн оюутан Хо Инжэ "Virtuoso-2014" гала тоглолтын онцлох уран бүтээлч байв. Тэрбээр тоглох ур чадвар, техникээр үеийнхнийгээ тэргүүлж буйг "Виртуоз" наадмын уралдаан харуулсан билээ. Хо энэ удаа С.Рахманинов, А.Скрябин нарын бүтээлээс тоглож, үзүүлсэн. Түүний мэргэжлийнх нь багш төгөлдөр хуурч СТА С.Саянцэцэг.                                                         Хо Инжэ

    ХБК-ийн хийл хөгжмийн ангийн оюутан Б.Билгүүн хоёр дахь удаагаа энэ тоглолтод уригдсан юм. Тэрбээр энэ удаа Испанийн алдарт хөгжмийн зохиолч Пабло Сарасатегийн "Цыган аялгуу"-г хөгжимдсөн нь хүмүүсийн сэтгэлд их нийцэв. Тоглолтын өмнө олон хүн энэ бүтээлийг хэн тоглох юм хэмээн сэтгэл догдлон асууж байлаа. Мэргэжлийн багш нь МУГБ Л.Алтанцэцэг.                                                          Б.Билгүүн

    Сонгодог хөгжмийн эрэгтэй дөрвөл  уг гала тоглолтын сонирхолтой нэгэн шигтгээ байлаа. Залуус камерный хөгжимчдийн уралдаанд түрүүллээ гэсэн баяртай мэдээ дуулгахын зэрэгцээ үзэгчдэд төдийлөн танил биш хөгжмийн зохиолч Heitor Villa-lobes-ийн string quartet-ийн гурван ангийг сонсгосон нь тун шинэлэг байлаа.
    Удирдсан багш нь МУУГЗ Ч.Чинбат.                                 Сонгодог хөгжмийн эрэгтэй дөрвөл

    ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн оюутан Ү.Уртнасан энэ удаагийн тоглолтод Ф.Шопений этюд op 25, no 11-ийг тоглов. ССАЖЯ, ХБК, "Урбанек" компани зэрэг байгууллага хамтран Улаанбаатарт зохион байгуулсан Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын II уралдаанд дэд байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн амжилтаараа энэхүү гала тоглолтод уригдсан тэрбээр Ф.Шопений зохиолд дуртай үзэгчдэд сэтгэлийн цэнгэл бэлэглэв.Мэргэжлийн багш нь МУГБ Ч.Тунгалаг                                                          Ү.Уртнасан

    ХБК-ийн ятга хөгжмийн ангийн оюутан Б.Номуун "Virtuoso-2014" гала тоглолтод Хятадын хөгжмийн зохиолч Зианг Яао Кюгийн "Xong Hou introductoin" зохиолыг техник, ур чадвар харуулж тоглосон юм.                                                         Б.Номуун

    Энэхүү гала тоглолтыг зохион байгуулагчдын хувьд тэртээх "Virtuoso-2002"-т уран бүтээлээ толилуулж этно жааз стилийг анх Монгол үзэгчдэд мэдрүүлсэн "Бөртэ" хамтлаг, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ шавь нар бэлтгэж Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буйгаа үзэгчдэд харуулахаар тэмүүлсэн зорилгодоо хүрлээ.

                                                                                                              Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй