Шар буурцагын уураг нь хүний махбодид зайлшгүй шаардлагатай үл орлогдох бүх амин хүчлийг хангалттай хэмжээгээр агуулсан чанараараа мах, сүү, өндөг зэрэг амьтны гаралтай уурагтай тэнцүү байдгийг ДЭМБ-аас тодорхойлжээ. Шар буурцгаар гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, өрөм, бяслаг, тараг, сүмс, хүүхдийн тэжээл, кофе, хиам, зайдас, хатаасан мах, зайрмаг, спирт, саван шампунь, хиймэл арьс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн гээд 400-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байна.

Шар буурцгийг Хятад болон Зүүн, Өмнөд Азийн бусад улс орнууд их хэмжээгээр тариалж хүнсэнд хэрэглэж ирсэн түүхтэй. Дэлхийн тост ургамлын тариалалтын 50 гаруй хувийг шар буурцаг эзэлдэг бөгөөд хүнсний зориулалтын тосны гол эх үүсвэр болдог. Шар буурцгийн уургийг хүнсэнд хэрэглэвэл дэлхийн хүн амын уургийн хэрэгцээний гуравны нэгийг хангах боломжтой болохыг эрдэмтэд тооцоолжээ. Тэгэхээр шар буурцаг нь хүнсний уургийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм.Энэ шидтэй ургамлын тухай Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны захиалгаар инновацийн төсөл хэрэгжиж өчигдөр үр дүнг нь хэлэлцэв.
Төслийн санхүүжүүлэгч нь Шинжлэх ухаан технологийн сан, гүйцэтгэгчээр ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ, Дорнод бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн төв, ШУТИС-ийн Хүнсний технологийн сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллажээ.
“Шар буурцагны туршилт, судалгаа, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд төслийн захиалагч, санхүүжүүлэгч, судлаачид болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов. Хурлаар шар буурцагын сорт судалгаа, ургуулах арга технологи, уурагт тэжээл гарган авах технологи, бүс нутгийн цаг уурт тохируулан тариалах боломж зэрэг олон чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнг судлаачид танилцуулсан юм. Дээрх төслийн үр дүнд нэг судлаач доктор, гурван судлаач магистр, дөрвөн оюутан бакалаврын төгсөлтийн ажлаа амжилттай хамгаалсан байна.
Монголд шар буурцагыг 1969-1991 он хүртэл Халхгол дахь Дорнод бүсийн эрдэм шинжилгээний нэгдсэн станцад тариалж байжээ. Нэг хэсэг тариалагдахгүй байсан дээрх ургамлыг хүмүүс ашиг тусыг нь мэдэж, сүүлийн жилүүдэд хэдэн газарт тариалж эхлээд байгаа аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт