ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Сайханбилэгийн засгийн зовлон

    МАН-тай хамтарч засаг барихаар сэтгэл шулуудсан АН-ынхан засгаа төвхнүүлэх ярвигтай ажилдаа ойрд нухлуулж сууна. Нэгэнт Ц.Нямдоржийн хэлснээр хүүдээ дөрвөн айлаас бэр гуйчихсан тэд хэн хэнийх нь ая талд нийцүүлэх, энэ зууртаа өөрсдийн  байр сууриа ч алдахгүй шийдэлд хүрэх гэхдээ толгой гашилгаж явна. АН өчигдөр ҮЗХ-гоо хуралдуулж засгийн бүтцийн талаар хэлэлцсэн ч шийдвэр гаргах эрхээ Гүйцэтгэх зөвлөлдөө өгөөд тарцгаасан байна. АН-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай бүх намууд хамтран ажиллахаар болж, түүнийгээ албан бичгээр баталгаажуулсан байна. Тодруулбал, АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд орно гэв. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг бусад намын бүлгүүдийн ажлын хэсэгтэй дахин зөвшилцөх уулзалт хийж, хэчнээн яамтай байх талаар ярилцана гэж АН-ынхан хэллээ.

    Бүтэц, бүрэлдэхүүн биш улс орны эдийн засгийн болоод бусад асуудлуудыг өнгөрсөн хугацаанд ярилаа гэж МАН, АН-ынхан хэлж буй ч үнэндээ засгийн  бүтцийн асуудал тэдний хэлэлцсэн гол асуудал байв. Тиймдээ ч ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүний эхний хувилбаруудын сураг гарч эхлээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхим 19 сайдтай байх хувилбар яригдаж байгаа юм байна.Тодруулбал, АН 10, МАН 6, Шударга ёс эвсэл 2, ИЗНН 1 сайдын суудал авах урьдчилсан тохироо яригдаж байгаа аж. Хууль зүйн  сайдад Д.Дорлигжав, Гадаад, харилцаа, эдийн засаг хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын нэр яригдаж С.Оюун, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар улиран сонгогдоно гэх сураг байна. Гэхдээ эхлээд засгийн бүтцийг батлуулах ёстой учир одоогоор сайдуудын нэрс, намуудын яамдын хуваарилалт тийм ч тодорхой болоогүй байна.

    Хэрэв дээрх хувилбараар явна гэвэл МАН, АН-ынхан цомхон чадварлаг Засгийн газартай байх зарчмаасаа бялуу хуваалтаас болж ухарлаа гэсэн үг. Дан дээлтэй байх хэрэгтэй гэж хашгирсаар ирсэн МАН-ынхан өчигдрийн бүлгийн хурлаараа үндсэн чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн,  Засгийн газрын гишүүн байж болно. Ингэхдээ бүрэлдэхүүний 30 хувь давхар, 70 хувь нь дан буюу мэргэжлийн байж болно хэмээн санаагаа цухуйлгаад авсан. Тэгэхээр бодлогын буюу үндсэн чиг  үүргийн  яамдыг авах санаа нь анхнаасаа л цухалзаж байсан МАН-ынхан дээрх яамдуудад өөрсдийн хүнээ тавих бодлоо тавиагүй л  байгаа нь илт.

    Ямартай ч засгийн бүтцийн асуудал Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудалд суух эсэх тухай толгой өвтгөсөн дэнчигнээнээс нь илүү зовоож байгаа бололтой.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй