ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Сэр-Од хуримынхаа 20 жилийн ойгоор эхнэртээ ийм бэлэг барив

    Урлагийн гавьяат  зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын олон дуунд хүмүүс дуртай. Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө арваннэгдүгээр сарын 28-нд эхнэртэйгээ гэрлэж, анхны гал голомтоо бадрааж байжээ.

    Урлагт хөл тавьсан цагаасаа тэрбээр ханьтайгаа амьдралын  жаргал зовлон, баяр гунигийг хамтдаа хуваалцаж, өнөөг хүргэсэн мартагдашгүй сайхан дурсамжуудтай. Өдгөө гурван хүүхдийн аав, ээж болсон тэд итгэл сэтгэлээр гагнагдаж амьдарсан энэ өдрийг юу юунаас илүү эрхэмлэдэг байна. Улсдаа өрх нэмж, хурим найр хийхэд нь аз жаргал хүсэж, баяр хөөрийг нь  хуваалцан, сайн сайхан ерөөл өргөсөн ах дүүс, найз нөхөд, хамт олондоо  тэд баярлаж, жил бүрийн энэ өдөр талархсанаа илэрхийлж, сэтгэлийн  үгээ хэлдэг уламжлалтай.

    Тэрбээр өнөөдөр цахим хуудастаа “Хайрт ханьдаа амьдралын анхны галаа асааж, гал голомтоо бадраасны 20 жилийн ойн өдрийн мэнд хүргэе! Галтай, дөлтэй дүрэлзсэн амьдралын шуурган дундуур, алдаж онон, унаж боссон өдрүүдэд минь үргэлж хамт байж, итгэл урмаар тэтгэж явсан чамдаа талархаад ханамгүй. Миний амьдралын аз жаргалыг хамтдаа хуваалцдаг ах дүү, найз нөхөд, хамт олондоо баярлаж явдгаа өнөөдөр бас уламжилъя” хэмээн бичсэн байна.

    Түүний гэргийг О.Мөнхжаргал гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын бүсгүй. Хөгжмийн зохиолч “Бидэнд хайр сэтгэл, амьдрал, аз жаргал, ажил үйлсийг минь бэлэглэсэн газар бол Багшийн сургууль. Би  оюутан байхдаа 1991 оны намар Борнуурын сангийн аж ахуйд ургац хураалтын ажлаар очсон байхдаа эхнэртэйгээ танилцаж билээ. Ажил ихтэй  завгүй явахад  ар гэрийн  хамаг ажлыг  хань минь л амжуулдаг. Бурхан надад ажлыг минь сайн ойлгодог, халамжтай сайн хань заяасанд баярлаж явдаг юм.  Бид зан зангаа сайн мэдэх болохоор уурлаж, уцаарлаад байдаггүй” хэмээн гэргийтэйгээ танилцсан түүхээ дурсах дуртай.

    Түүний уран бүтээлд “Бүсгүйн ааль”, “Ашдын хань чамдаа”, “Бидэн хоёрын жаргал” зэрэг ханийн тухай бүтээл цөөнгүй. Сүүлийн үеийн уран бүтээлд нь “Зангаараа амраг” гэх нэгэн дуу бий. Энэ дууны шүлгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зохиож, Т.Сэр-Од гэргийдээ зориулж аялгууг нь хийжээ.

                                                                                                               Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй