Онигор нүд, өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа ялгарч чаддаг дуучин, альтернатив Х.Отгоо айлын эзэгтэй болж, уран бүтээлээ түр завсарласан. Гурван хүүхдийн ээж болсон тэрбээр шинэ уран бүтээлүүдээ хүмүүст хүрсний дараа тоглолт хийхээр төлөвлөөд байгаа.



Цомгоо хэвлүүлж, дууныхаа клипийг телевизүүдийн хөгжмийн сувгаар цацаад эхэлсэн бүсгүй тун этгээд сонин цуглуулгатай. Хүүхэд байхдаа худалдаж авсан хувцасныхаа шошгыг хаялгүй цуглуулах хообийтой байжээ. Ойр дотных нь найзууд “Ямар ч хэрэгцээгүй зүйл цуглуулах юм” гэж шүүмжилдэг ч дурлаж цуглуулсан шошго нь хэдийнэ тор дүүрсэн гэнэ. “Урлагт хайртай болохоор өөрийгөө дуулахгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог” хэмээн ярьдаг тэрбээр хообийгоо баяжуулж зүүлт, ээмэг аксессуар цуглуулдаг болжээ.Сүүлийн үед гэр бүлтэйгээ гадагшаа явахдаа хөргөгчинд наадаг магнитууд сонирхож хамгийн түрүүнд худалдаж авдаг болсон байна.



Дуучин бүсгүй хар өнгөнд дуртай. Энэ тухайгаа ”Хар өнгө миний өнгөлөн далдлалт. Биеийн хэлбэр, өө сэвийг дарахаас гадна намайг нууцлагдмал байхад их нөлөөлдөг” хэмээн өгүүлсэн удаатай. Түүний хувцасны шүүгээн дэх гоёл дотор хар хувцас зонхилдог гэсэн. Дуучин бүсгүй уран бүтээлүүдээсээ “Заримдаа л” дуундаа илүү хайртай. Энэ дууныхаа үгийг өөрөө бичжээ.


Энэ дууны утга агуулга нэгэн найзынх нь санаа байсан гэдэг. Түүнтэй энгийн нөхөрлөдөг эрэгтэй найзад эхнэр нь нэг өдөр “Хайрт минь би чамд жирийн байдаг өдрүүдээс арай өөрөөр хайруулахыг хүсдэг” гэж хэлж л дээ. Залуу ч эхнэрийнхээ хүссэнээр хэд хоног өөр байх гэж хичээж, санаа тавьж халамжлахад эхнэр нь “Чи ерөөсөө өөрийнхөөрөө бай. Миний хүссэнээр хэтэрхий өөрчлөгдөх хэрэггүй юм байна” гэж хэлжээ. Х.Отгоо энэ санааг уран бүтээлдээ тусгаж “Амьдралд үргэлж бус заримдаа хүссэн зүйл амттай байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт