ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 онд Монголд өрнөсөн хамгийн этгээд явдлууд

    Хамгийн тэнэг үг

    “Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: “Чингис“, “Самурай” бондын хөрөнгийг бид бүтээн байгуулалтад зарчихсан. Яахав манай хойч үе, үр хүүхдүүд маань төлчихнө дөө”. Дэлхийн ямар ч орны Ерөнхий сайдын амнаас ийм үг гарч байгаагүй гэж мөрий тавьсан ч алдахүй. Төрийн мөнгөний авдар дээр сандайлж суусан хэрнээ тавьсан өрөө хэзээ төлөхөө мэддэггүй нь бүр ч тэнэг. Монгол Улс жил бүр “Чингис” бондын хүү гэж 72 сая ам.доллар төлдөг бол 2018 онд Засгийн газар ”Чингис” бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлж барагдуулна. Үр хүүхдүүд, хойч ирээдүй маань биш бидний үе өөрсдөө энэ өрөө төлнө.   

    Хамгийн аймшигт зөрчилдөөн

    Насанд хүрсэн эрчүүд хэрэлдэж, маргалдаад зодолдлоо гэхэд сайндаа нэгнийхээ нармайг нээнэ. Гэхдээ хошин урлагийн “Шинэ үе” продакшны бүсгүйчүүдийн зодооны хажууд энэ нанчилдаан ёстой ичмээр дамшиг л даа. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар ялихгүй юмнаас ам мурийж, уурласандаа бие бие рүүгээ буцалсан халуун ус асган шалз түлж гомдлоо тайлцгаасан юм. Эцэст нь хоёр сайхан бүсгүйн нэг шорон руу ачигдаж, нөгөө нь Солонгос руу эмчилгээнд явснаар энэ зөрчилдөөн дуусав.

    Хамгийн жудаггүй үйлдэл

    Энэ асуудлыг олон жил ярьж байна. Хууль Зүйн сайд, УИХ-ын гишүүний сэнтийд залрахаасаа өмнө, МУИС-ийн жирийн багш байхдаа Х.Тэмүүжин энэ тухай бүр их ярьдаг байв. УИХ-ын гишүүн эзгүй нэгнийхээ өмнөөс санал өгч хууль батлах нь тэр хүнийг сонгосон сонгогчдын эрхэнд халдаж буй бүдүүлэг хэрэг гэж иргэд ч бас олон жил шүүмжилсээр ирсэн. Харамсалтай нь Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин анх ярьж байснаа умартан өөрөө хүртэл бусдын эрхэнд халдаж буй жудаггүй үйлдэл нь зургийн хальснаа буужээ. Саяхан гэхэд л УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл нар Байнгийн хорооны хурал дээр эзгүй гишүүдийнхээ кнопыг булаалдаж онигоогоо чирэв.  

    Хамгийн марзан тоглолт

    Салаавч гаргасных нь төлөө УИХ-ын гишүүн Г.Баярсайханд шанаа өгч явсан У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсанаас хойш улс төрөөс жил гаруй хугацаанд хөндий байсан. Спорт мотоцикль унаж, төмөр өргөдөг, армийн бэлтгэл хурандаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн асан түүнийг гэнэт хамтлаг байгуулж тоглолтоо “Тусгаар тогтнол”-ын ордонд хийх юм гэж харин хэний ч зүүдэнд ороогүй биз. Хамгийн марзан нь хэний ч мэдэхгүй “Андууд” хамтлагийн тоглолт “Мөрөөдлийн театр”-ын шоунаас илүү пиг дүүрэн үзэгчтэй байв. Хамтлагийн ахлагч, дууныхаа шүлгийг бичдэг, бас гитарчин, есөн шидийн авьяастай У.Хүрэлсүхийн концертыг үзэх гэж хүмүүс зорьж билет авсан гэхээс илүүтэй шахаанд орж л нэг өдрийн хугасыг барсан нь ёстой үнэн.

    Хамгийн шуугиантай гэрээ 

    УИХ-ын гишүүд болохгүй хуулиа ид наадмын үеэр баталдаг гэмтэй. Яг үүнтэй адил АН-ын дарга Н.Алтанхуяг амралтын өдөр тааруулж байгаад МАХН-тай гэрээ байгуулж ёслол төгөлдөр гарын үсэг зурж, батлав. Ямар гэрээ болохыг нь хоёр өдрийн дараа мэдсэн АН-ын олон гишүүд гүн шоконд орж, даргыгаа юу хийчихэв гэж хардсан.  Намын даргаа гэрээнд гарын үсэг зурж байхад ард нь инээмсэглэж зогссон сайдууд “Н.Алтанхуяг даргыг ямар гэрээнд гарын үсэг зурж байгааг мэдээгүй” хэмээн мэлзэж даргаа ганцааранг нь ангал руу түлхсэн. Ерөнхий сайдаас унагах дорвитой шалтгаан олдохгүй байсан намын нөхдүүдэд түүний энэ үйлдэл маш том факт болж, засгийг хөмөрч орхисон. Эцэст нь Н.Алтанхуягийг “Миний буруу” хэмээн намынхнаасаа уучлал гуйж байх тэр мөчид нөгөө талыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос улс руу онгоцоор нисч байлаа.

    Хамгийн гаж сонирхол

    Нийгмийн цахим сүлжээнийн хамгийн идэвхтэй хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. АН-ын ҮЗХ нь хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг шийдэж байхад мань эр зураг дарж, жиргэж явдаг гудиггүй эр. Сошэл ертөнц мөхвөл дагаад үхэж мэдэх галзуу цэнхэр жиргээч. Нэг хэсэг донтчихож хэмээн шүүмжлүүлж, үүнийгээ батлах гэсэн мэт өглөөгүүр уулын орой дээр загас наадуулж буй нүцгэн хосын зургыг “RT хийхгүй байж чадсангүй. Гоё зураг байна. Бас л живүүн мэдрэмж өгөх байх даа” хэмээн жиргэж байв. Тэрээр үе үе нүцгэн бүсгүйчүүдийн зураг твитер дээрээ тавьж тансаг сайхан үг бичдэгээсээ болж гаж сонирхолтой хэмээн цоллуулах болсон.

    Хамгийн том доромжлол

    2014 оны спортын салбарт Монголчуудын хамгийн мартагдашгүй үйл явдал бол Инчонд болсон Азийн зуны спортын наадам байлаа. Тэр тусмаа Монголчууд хамгийн том доромжлолыг энэ үеэр амссан. Монголын эмэгтэй жудочдын бэлтгэлийн үеэр идэх гэж байсан хоолонд нь дамск хийсэн явуургүй үйлдэл гарч олон монголчуудын дургүйцлийг төрүүлсэн. Төрийн далбааг буруу харуулсан, сагсан бөмбөгийн тоглолтын өмнө Хятадын Монгол хэмээн зарласан, гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулааныг булхайтай шүүсэн зэрэг олон доромжлолыг Монголчууд энэ үеэр амссан. Монголчуудын бухимдлаас айхдаа Монгол дахь Элчин сайдын яам нь иргэддээ болгоомжтой байхын сануулж байв.   

    Хамгийн бүтэлгүй нээлтийн ажиллагаа

    Монголчуудын хамгийн том баяр бол Наадам билээ. Энэ үеэр Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхдээ залж гурван өдрийн турш эрийн гурван наадмаа сонирхож баярлаж, цэнгэдэг. Энэ жилийн хувьд олон сумдын тэгш ой тохиож баяраа тэмдэглэсэн. Улаанбаатар хотод наадмыг яаж тэмдэглэдэг шиг орон нутагт хүртэл хуулбарлан дуурайж сүртэй тэмдэглэв. Сум болгон есөн хөлт цагаан тугтай болж наадмаа нээхдээ есөн морьтноор залан авчирч сүрийг үзүүлдэг болсон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ойн баяраар ч энэ ёслол болж наадам үзэж сонирхсон олон иргэдийн элгийг авах шахав.

    Хамгийн гоё үсний засалт

    УИХ-ын гишүүд дундаас хамгийн гоё үсний засалттай гишүүн бол С.Дэмбэрэл юм. Түүний үсний засалт дэлхийд алдартай нэгэн удирдагчийг санагдуулдаг. Тэрхүү удирдагч ард түмнээ үсээ засуулахдаа хоёрхон засалтаар засуулж байхыг зарлигдсан байдаг. Тэр бол авга ахаа өлсгөлөн нохойн хоол болгож байсан Ардчилсан Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ун билээ. УИХ-ын гишүүн маань ч энэ үсний засалтаараа бахархдагаа жиргэж байсан удаатай.

    Хамгийн худал амлалт

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал жилийн турш худал амлав.

    2014 оны 2  дугаар сар

    1ам доллар 1752.38 төгрөг байв.  Ам.долларын ханш одоогийнхоос өсөхгүй байх боломжтой /Ерөнхий сайдын 30 минутын уулзалтын үеэр/

    2014 оны 5 дугаар сар

    1ам доллар 1818 төгрөг байв. Ер нь хавар ам.долларын эрэлт их байдаг. Хавар болохоор нийт валютын эрэлтийн 60 хувь нь эргэлтэд ордог. Тэгэхээр бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн  нэмэгдэхгүй. Хаврын эрэлттэй холбоотойгоор түр зуурынх гэж ойлгож болно.

    2014 оны 8 дугаар сар

    1ам доллар 1840 төгрөг байв.  Долларын ханш бодит төвшиндөө хүрээд байгаа. Цаашдаа 1800 төгрөг гэсэн ханш дээр тогтворжих байх гэсэн хандлага ажиглагдаж байна.

    2014 оны 10 дугаар сар

    1ам доллар 1858 төгрөг байв." УИХ Монголбанкны мөнгөний бодлогын чиглэлийг баталдаг. Чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх нь Монголбанкны хийх ажил. Ханшийг хэзээ ч Дондог юм уу, Дорж гэдэг хүн хариуцаад, яг тэдэн төгрөг дээр барина гэж байхгүй. Ийм системийг сонгоод бид 25 жилийн турш явж байна" хэмээн гэнэт амлалтаасаа буцлаа

     2014.11.28-ний байдлаар долларын ханш 1,902 төгрөг байна

                                                                                                            Үргэлжлэл бий ...

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй