Ардчилсан хүчний холбооны тэргүүнээр С.Эрдэнэ томилогдов
УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлж байсан Ардчилсан Хүчний Холбоо нэлээдгүй удсаны эцэст шинэ тэргүүнээ өлгийдөж авлаа. Хуучин тэргүүн нь АН-ын дарга болмогцоо сайн дураараа энэхүү төрийн бус байгууллагын даргын суудлаасаа татгалзсан юм. Ингээд Ардчилсан Хүчний Холбооны ээлжит хурал Бямба гарагт болж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн С.Эрдэнийг томилсон байна. Түүнтэй хамт даргын суудалд яригдаж байсан хүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байв. Хачирхалтай нь тэрээр хуралд оролцоогүй тул С.Эрдэнэ гишүүн ийнхүү санал нэгтэй томилогджээ.
“Алтангадас” фракцын тэргүүнээр Я.Санжмятавыг сонгов
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас бууж, АН-ын даргын албаа өгсний дараа “Алтангадас” фракцынхан яаралтай хуралдаж тэргүүнээ солих асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Н.Алтанхуяг гишүүнийг үргэлжлүүлэн ажиллуулах санал гарсан ч гишүүн өөрөө татгалзсанаар түүний оронд УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон байна. Тус фракци УИХ-д долоон суудалтай бол АН-ын ҮЗХ-ны 40 гаруй хувийг бүрдүүлдэг хүчирхэг фракц юм.
“Шонхор” фракцын тэргүүнд хоёр гишүүн өрсөлдөнө
УИХ-д 10 гишүүнтэй, АН-ын дарга нь тус фракцын гишүүн, ҮЗХ-д 30-аад хувийг бүрдүүлдэг хүчирхэг фракцын нэг бол яах аргагүй “Шонхор” юм. Тус фракцийн тэргүүн нь намын дарга болсноор суудал нь онгорхой хоцорсон. “Шонхор” фракцын тэргүүний төлөөх өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар өрсөлдөж байна. Энэ хоёроос хамгийн магадлалтай нь Д.Ганхуяг гишүүн гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт