
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өмнө байгаагүйгээр хямарч инфляци аль хэдийн 15 хувь гарч, гадаад валютын нөөц 31 хувиар багасч, ам.долларын ханш 2000 төгрөг дөхөөд буй. Монголд нүүрлээд буй хямрал, түүнийг хэрхэн давах тухай шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон “Хямралтай байна” гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна. Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал” хэмээн мэдэгдсэн. Түүнийг ийнхүү мэдэгдэл уншиж байх үеэр Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбоонынхон УИХ-ын гишүүдэд хандан “Ил захидал” тэрлэж суужээ.
Уг ил захидалдаа тэд урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагаж мөрдөх журмыг өөрчлөх тухай хуулийг УИХ-ын энэ намрын чуулганаар баталж өгөхийг хүсч буйгаа дурдсан байна. Уг урт нэртэй хуулийн хүрээнд 150 гаруй компанийн 210 орчим лицензэд хамаарагдах 130 тонн алтны нөөцтэй газар нутагт олборолт явуулах боломжгүй болсон юм. Энэ нь ойролцоогоор 5 орчим тэрбум доллар ажээ. Эдийн засаг нь хямарсан Монголоо аврахын тулд нэг багийн нутаг дэвсгэрийн талаас ч бага талбай харьяалагдах 210 лицензийг хуульд өөрчлөлт оруулах замаар ашиглая гэсэн санааг тус холбооныхон дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хэдэн гол горхи, хэдэн ой модоо зольж эх орноо эдийн засгийн хямралаас гаргая гэсэн үг юм. Энэ асуудлыг ойрын хугацаанд УИХ хэлэлцэж магадгүй бололтой.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт