Хошин урлагт өнөөг хүртэл үнэнч зүтгэсэн уран бүтээлчдийн нэг бол гавьяат жүжигчин И.Одончимэг.Тэрбээр хамтлагийнхаа залуу жүжигчин Т.Бархүүтэй гэрлэж хөөрхөн охинтой болсон билээ. Өөрөөсөө олон насаар дүү залууг өөртөө дурлуулж, хамгийн залуу өвөө болгож амжсан И.Одноогийн хайр дурлал, хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй.


Өөрөөсөө дүүмэд залуутай нэр холбогдож гэрлэх тухай асуудал чих дэлсэнгүүт олон хүн түүнд “Ээ мөн тэнэг хүүхэн юм даа, чи удахгүй хаягдана” гэж хэлдэг байжээ.

Тэрбээр энэ тухай “Нуугаад яахав. Бид гэр бүл болох гэж олны хэл ам, доромжлол багагүй амссан. Тэр үед хэцүү бүхнийг сэтгэлийн тэнхээ, нэг нэгнээ хайрласан хайраар даван туулж чадсан. Одоо бид үр хүүхэдтэй болж сайхан л амьдарч байна. Т.Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүмүүст нөхрөөсөө олон насаар эгч байгаа маань таалагддаггүй байх. Гэхдээ би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж ханилаагүй. Миний насны хүмүүс гэр бүл, амьдралтай. Хэрвээ Т.Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх байсан ч юм бил үү. Тэгэхээр надад нөхрөөс минь өөр сонголт байгаагүй” хэмээн өгүүлсэн.

Тэгвэл тэдний хайртай охин гурван нас хүрч, аав ээжтэйгээ төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ.

Жүжигчин бүсгүй уран бүтээлийнхээ хажуугаар нийгэм рүү хандсан ажилд сэтгэл гарган ажиллаж байгаа. Тэрбээр “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор шалгарч, Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх төслөө эхлүүлсэн. 80 сая төгрөгийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй түүний төсөл УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөвлөсөн ажлаас ч илүү тун чиг урагштай яваа.

Ямартаа л улс төрч бүсгүйчүүд санаа нь зовж ичихдээ түүнийг жүжигчин Г.Ундармаагийн хамт Төрийн ордонд урьж, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсэд нь талархсанаа илэрхийлж өргөмжлөл гардуулсан.

Юутай ч алаг нүдэн бүсгүйн ачаар хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд тун удахгүй хичээлийн шинэ байртай болж нар нь гарах нь ээ. Түүнийг энэ сарын 18-нд NТV телевизийн “Сайн Өдөр” нэвтрүүлэгт оролцоход СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хүүхдүүдэд ахуйн хэрэглээний материал бэлэглэхээс гадна мөнгө, жилийн хүнсний хэрэгцээгээр хангах байгууллагуудтай холбож өгөхөөр болсон, мөн иргэний үнэмлэхгүй эцэг эхчүүдэд нь үнэмлэх олгож туслахаа ч амласан юм.

Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт