ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    20 настайгаа золгосон On’n Off ойн тоглолтоо хийнэ

    Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үзэгдэл, нэгэн томоохон зүтгэлтэн On’n Off продакшны 20 жилийн ой тохиож байна. Монголын хамгийн анхны клипийг урласан, амьд тоглолтонд Монголын хамтлаг, дуучдыг уриалсан, “Цэнхэр дэлгэц” телевизийн бүрэн хэмжээний кино концертыг бүтээсэн, “Пентатоник” наадмыг санаачилсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гэсэн олон бахархлаараа On’n Off продакшн үргэлж тэргүүн эгнээнд нь явсаар байна.

    Тэд 20 жилийн түүхийнхээ онцлох хэсгийг багтаасан ойн нэвтрүүлгүүдээ  телевизүүдээр цувралаар толилуулж байгаа. Мөн хамгийн гол арга хэмжээ болох ойн тоглолтоо 11 сарын 29-ний бямба гаригийн орой СТӨ-ний тайзнаа толилуулах гэж байна. Ойн тоглолтод ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлаг, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөллүүд оролцох аж.

    Тодруулбал, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, УДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, БЦДБЧ-ын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, МУУГЗ Б.Батчулуун, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Ө.Уянга, МУУГЗ хийлч Ч.Чинбат, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин СТА С.Наран зэрэг уран бүтээлч  On’n Off-н тоглолтын тайзнаа гарах юм байна.

    Эдүгээ 20 настайгаа золгосон On’n Off продакшны уран бүтээлийн сан арвин.  2011 онд ОХУ, Москвагийн Их театр, Санкт Петербургийн В.Ф.Комиссержавскийн нэрэмжит театр, Москвагийн “Золотое кольцо” театр, Казакстан Улсын нийслэл Астанагийн ”Конгресс холл” концертийн их танхим , 2012 онд Сөүл хотноо Солонгосын Дуурийн театр, ОХУ-ын Эрхүү хотын Дуурийн театрт Монголын соёлын өдрүүдийг тэд амжилттай зохион байгуулж байлаа. Мөн тус продакшны Ерөнхий найруулагч С.Ононбатын 2009 оноос эхлэн зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын “Улаанбаатарын үдэш” шоу цэнгүүн, 2010 оны Үндэсний их баяр наадмын нээлт, Төрийн ёслолын концерт, 2014 оны 3D mapping шоуг монголчууд андахгүй мэдэх билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй