ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэр хорооллын хөгжлийн газрын шийдвэрийг хууль бус хэмээн цуцлав

    Гэр хорооллын хөгжлийн газраас 11 дүгээр сарын 14-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга” зарлаж өдөр тутмын сонингуудад нийтлүүлсэн. Гэтэл уг урилга нь нэлээдгүй хэл ам дагуулж олон иргэдийн уур ундууцал, бухимдлыг төрүүлжээ. Учир нь тус урилга дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 164 га газрыг зургаа хуваан зарласан байжээ. Зүй нь гурав хуваах ёстой байтал ийнхүү хоёр дахин нэмж хуваасан нь тус хорооны оршин суугчдын дургүйг хүргэсэн асуудал болов.

    Тус хорооны оршин суугчид нийслэлээс гаргасан удирдамжийн дагуу өөрсдийнх нь эзэмшлийн газар дээр дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компаниар “Жигүүр гранд” группыг сонгосон юм байна. Ингэхдээ 12 дугаар хорооны оршин суугчид “Чулуутын задгай” хэмээх төрийн бус байгууллага байгуулж түүгээрээ дамжуулж “Жигүүр гранд” групптэй нэг айлын газрыг 120 мкв орон сууцаар солих тохиролцоог хийж чадсан ажээ. Энэ нь дахин төлөвлөлт хэрэгжсэнээс хойш иргэдийн хувьд барилгын компаниудтай хийж чадсан хамгийн том тохиролцоо гэнэ. Дээр нь тус группийн барьсан барилгууд нь чанар, загвар сайтай байдаг тул оршин суугчид ч сэтгэл хангалуун байжээ. Барилгын компаниуд анх хэлснээсээ буцдаг гэмтэйг мэдэх оршин суугчид, тэдний санаачилгаар байгуулагдсан “Чулуутын задгай” ТББ-ынхан “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөртэй уулзаж энэ тохиролцоогоо баталгаажуулж чадсан байдаг.

    Оршин суугчидтай уулзах үеэрээ Д.Баттөр Ерөнхийлөгчийг “Нэг айлын газрыг 120 мкв орон сууцаар сольё. Нэг хашаанд хоёр өрх амьдардаг бол 60 мкв хоёр орон сууц авах боломжтой” гэсэн санал тавихад иргэд уухайлан зөвшөөрч, яг одоо гэрээгээ байгуулъя хэмээн дэмжсэн гэдэг. Барагтай олдоод байдаггүй энэ боломжоос атгаж авсан 12 дугаар хорооныхон үүнийгээ алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймдээ иргэд Гэр хорооллын хөгжлийн газраас 11 дүгээр сарын 14-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга”-ыг эсэргүүцсэн хэрэг.

    Тэгвэл анх 2013 оны 12 дугаар сарын 29 өдөр хуралдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлаас БЗД-ийн XII хорооны 1250 газар өмчлөгч иргэдийн хүсэлт, тэдгээр иргэдийн оролцоотой байгуулагдсан “Чулуутын задгай” ТББ-ын санал дээр тулгуурлан тус хорооны 110 га газарт дахин төлөвлөлт зарлах шийдвэр гаргажээ.

     

    XII хорооны иргэд, “Чулуутын задгай” ТББ-ынхан энэхүү 110 га талбай дээр орон сууц барих асуудлаар “Жигүүр гранд” групптэй тохиролцсон учраас ийнхүү Гэр хорооллын хөгжлийн газар хандаж дахин төлөвлөлтөд хамруулж өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг төслийн удирдах хорооноос дэмжсэн нь энэ аж.  Дараагаар нь дээрх шийдвэрийг бататган Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол хүртэл гарсан байдаг.  

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2014 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр тогтоол гаргаж Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 164 га газрыг иргэдийн оролцоотойгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл зургийг боловсруулж хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчлах үүргийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өгсөн байдаг. Гэтэл Нийслэлийн ИТХ-ын энэхүү тогтоолыг зөрчсөн, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхолыг үл тоомсорлосон урилгыг Гэр хорооллын хөгжлийн газраас зарлажээ.

    12 дугаар хорооны 110 га нутаг дэвсгэр дээр оршин суугчидтай нь тохиролцсоны дагуу “Жигүүр гранд” групп орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавиад байсан ч уг 110 га газрыг Гэр хорооллын хөгжлийн газар “Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга” зарлахдаа толгой мэдэн А, Б, В, Г гэсэн дөрвөн хэсэг болгон хувааж орхисон байна. Өөрөөр хэлбэл Гэр хорооллын хөгжлийн газар нь нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэрийн эсрэг, иргэдийнхээ сонголт, хүсэл эрмэлзлийн эсрэг шийд гаргаж, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас илүү эрх мэдэлтэй болохоо харуулав.

    Үүнд бухимдсан 12 дугаар хорооны оршин суугчид, “Чулуутын задгай” ТББ-ынхан Гэр хорооллын хөгжлийн газрын энэхүү хууль бус ажиллагааг эсэргүүцэж 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын байрны өмнө жагссан байна. Энэ үеэр иргэд “Бид газраа 120 мкв байраар солино хэмээн “Жигүүр гранд” групптэй тохиролцчихоод байхад 110 га газрыг дөрөв хувааж өөр жижиг гурван компани оруулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ? Үүний цаана ашиг сонирхолын зөрчил нуугдаж байна. Яагаад иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаад байгаа юм бэ?” хэмээн ярьцгааж байсан юм.

    Ямартаа ч 12 дугаар хорооны оршин суугчдын гомдлыг Нийслэлийн удирдлагууд шуурхай авч хэлэлцээд Гэр хорооллын хөгжлийн газар хууль бус урилга зарласныг тогтоожээ. Ингэснээр тус газраас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга” нь хууль бус болж таарав. Ийнхүү иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэдийнхээ талд шийдвэр гаргаж чаддаг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл нарт 12 хорооны оршин суугчид талархаж буйгаа илэрхийлж байв.      

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй