ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Археологичид Хархориноос түүхэн нээлт хийлээ

    Хархоринд судалгаа хийж буй Монгол-Германы хамтарсан экспедицийнхэн 2014 оны малтлага судалгаагаар “Цогт их сүмийн гэр” хэмээх хотын хэрэм доторхи сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт боллоо.

    Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд энэ нь  Хархорум хотод монгол, герман археологичдын малтан судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг нотолж өглөө гэж эрдэмтэд үзэж байна.

    1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил анх гүйцэтгэсэн С.Киселев ахлагчтай Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны ангийн судлаачид энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлж байв.

    Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235/36 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд эзэн хааны зарлигаар „Юань улсыг мандуулах асар“ буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлаж дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотлогдоод байгаа аж.

    Эзэн хааны ордон болон мөн түүнтэй нэгэн зэрэг баригдсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор 1346 оноос “Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэгдэх болсон бурханы шашны асар том сүм суваргыг "Юань улсын судар" болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй