Олонд цаг агаарын мэдээний ая хэмээн алдаршсан “Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим өдгөө 45 насны “босго” алхжээ. Чихэнд чимэгтэй энэ алдартай аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүх анх зохиожээ. Их сургуулиа банзан гитараар сольсон тул аав нь дуугаа хурааж, ээж нь хоёр хүний өмнөөс “сургааль” айлдах болсон хатуухан уур амьсгалыг зүүдэнд нь ирсэн энэ аялгуу зөөллөөд зогсохгүй хагас зууны турш айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр өдөр алгасалгүй эгшиглэнэ гэж тухайн үед огт санаагүй гэдэг.
1969 онд гитар хөгжмөөр туурвисан уг бүтээл тэр жилдээ ятгын гоцлол болон амилж, цаг агаарын мэдээтэй хамт Монгол орон даяар цацагдах болсон юм. ”Монголын нууц товчоо” симфонио 2008 оны хулгана жилд бичиж, төд удалгүй тэр жилээ УГЗ цол хүртсэн. Хөгжмийн зохиолч маань “Намайг төрөхөд нэгэн жаран эхэлж, симфонио бичихэд бас нэгэн жаран тохиосон.Хулгана жил надад их ээлтэй” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрбээр “Халтар манан хөөрөг” дуугаа аавдаа зориулан туурвисан байна.
Хэдий төрсөн эцэг нь биш ч эцгийн хайраар дутаалгүй өсгөсөн аав Д.Самбуугаа “токарьчны ширээнээс сайдын сэнтийд хүрсэн эгэл хүн” гэж дурсдаг. Нэгэн өдөр аавыгаа дурсаж, хөөргийг барьж гуниглан суухдаа яруу найрагч агсан З.Түмэнжаргалыг дуудаж, тэр даруйдаа “Халтар манан хөөрөг” дууг төрүүлж байжээ. Тэрбээр өдгөө 500 гаруй хөгжмийн бүтээл, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал, хоёр амраг” зэрэг 300 дууны ая, долоон симфони, дуурь, балет, мюзикл туурвисан чадварлаг уран бүтээлч билээ. С.Баатарсүх шавь нартайгаа MiQueen Mansion ресторанд уулзалт үдэшлэг энэ сарын 23-нд хийж, сонсогчидтой хамт нэгэн үдшийг дуулж өнгөрүүлэх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт