
Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Хараагүй иргэдийн 90 айлын орон сууцны барилгын ажил 2015 оноос эхэлж, улсын төсвийн дөрвөн тэрбум 850 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар баригджээ. Ингэхдээ 2015 оны улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг, 2016 оны төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил бүрэн дуусах боломж бүрдсэн байна. 90 айлын орон сууцны нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "ХНХЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэдгээр ажлын нэг том хэсэг нь тус орон сууцны ажил юм. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх барилгын нэн шаардлагатай байгаа төсөв хөрөнгийг шийдвэрлэж ийнхүү ашиглалтад орууллаа" гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 116 мянган иргэн байгаагаас цөөхөн хувь нь Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвд хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь хараагүй иргэдэд төрөөс халамжийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээгч болоход нь бодлогоор дэмжих ажил дутагдаж байгаагийн илэрхийлэл ажээ. Тиймээс энэ Засгийн газар үүнд анхаарч, шаардлагатай байсан төсөв хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж өгснөөр ийнхүү шинэ барилга ашиглалтанд орлоо. Монгол Улсад 2016 оны байдлаар 100993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 11 мянга орчим нь харааны бэрхшээлтэй иргэд юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт