ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Р.Амаржаргал энэ мэдэгдлээсээ болж Алтангадасынханд зуугджээ

    Ерөнхий сайд асан, АН-ын дарга Н.Алтанхуяг амралтын өдөр тааруулж байгаад Үндэсний зөвлөлдөх хороондоо мэдэгдэлгүй МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан. Түүний энэ үйлдлийг хамгийн түрүүнд эсэргүүцэж үзэл бодол, байр сууриа ил тод илэрхийлсэн АН-ын УИХ дахь гишүүд бол М.Зоригт, Р.Амаржаргал нар юм. Тэр дундаа Р.Амаржаргал гишүүн албан ёсоор мэдэгдэл гаргаж Н.Алтанхуяг, түүний тойрон хүрээлэгч нарын увайгүй байдлыг дэлгэсэн. Энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулах давалгаа болон хувирч улмаар Н.Алтанхуягийг суудлаас нь хаман унагасан билээ. Одоо энэ давалгаа түүнийг намын даргынх нь суудлаас буулгахаар эрчилсээр байна. Р.Амаржаргал гишүүний тухайн үед хийсэн энэхүү мэдэгдэл, УИХ-ын чуулган дээр эсрэг санал өгсөн зэрэг үйлдэл нь Н.Алтанхуяг болон түүний тойрон хүрээлэгчид, Алтангадасынхны уурыг хүргэж энэ өс нь эргээд түүнийг Ерөнхий сайд болох замд нь бул чулуу болон хөдөлсөж байгаа гэхэд хол зөрөхгүй болов уу. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ямар мэдэгдэл гаргаж байсныг танд эргэн сануулъя.     

            

            МЭДЭГДЭЛ

     

    Улаанбаатар хот                                                                                       2014 оны 10-р сарын 21

    АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа. Н.Алтанхуягын АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

    Хоёр намын дарга гарын үзэг зурж хүчин төгөлдөр болсон “гэрээ”-г дүгнэхэд:

    Нэг. “2016 оны сонгуульд АН олонх болоогүй тохиолдолд МАХН-тай хамтарна” гэж тохирч байгаа нь намын дарга ээлжит сонгуульд олонх болохгүй нь гэсэн өөдрөг бус төсөөллөөр байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргаж байна гэж дүгнэлээ. Аливаа улс төрийн намын даргын нэн тэргүүний зорилго зорилт, үүрэг үйл ажиллагаа нь сонгуульд ялах байдаг бол дээрх үйлдлээрээ Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онуудад байгуулсан ялалтыг үгүйсгэж, АН-ыг ирэх сонгуулиудын өмнө бууж өгүүлж буй мэт уншигдаж байна.

    Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд “ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна.

    Эцэст нь дүгнэж хэлэхэд Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг өөрсдийн хувийн өмч, оршин тогтнох оромж болгож хувиргаснаар цаашдаа АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна.

    Намын гишүүд нь намын даргатай хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал. Харин үүгээр дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийг хүчгүйдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулах, намын дүрмийг хөсөрдүүлэх, хувийн болоод явцуу бүлэглэлийн сонирхлыг тэргүүнд тавих зэрэг улс төрийн буруу үйл ажиллагааг таслан зогсоох механизм бүрдүүлж хариуцлагажуулахыг намынхаа эрх барих дээд, доод шатанд хэлэлцэн баталж даруй улс төрийн шийдэлд хүрэх шаардлагатай байна. Иймд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна.

                   АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН,

                   АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН

                   РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй