АН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд 2 жил тухалсан Н.Алтанхуягийн дэглэсэн улс төр ойрын өдрүүдэд өрнөж байна. Тэрээр түр зуурын сэнтийг мөнхийн юм шиг сэтгэж дохьсон зангаснаар нь бүх зүйл өрнөж байсанд хэтэрхий дассан байсан бололтой. Н.Алтанхуяг бачуурч, зөрүүдэлж намын нөхөдтэйгээ үл ойлголцсон дүр зураг ойрын өдрүүдэд хөврөв. Ерөнхий сайдын суудалд Алтангадас фракцийн Ч.Сайханбилэгийг томилуулахын тулд тэрээр үзэж тарж байна. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад дэмжихээр фракцууд тохирмогц тэрээр намын даргын хувьд засаг унагасан нөхдүүд дундаас Ерөнхий сайдыг томилохгүйгээ би мэдье гэж том дуугарсан. Ерөнхий сайд гэдэг компанийн захирал хүүхдэдээ өвлүүлдэг албан тушаал юм шиг, өөрийнх нь санаа зорилго ҮЗХ-ны шийдвэрээс том юм шиг аягласан нь түүний гөжүүдлэлийн эхлэл байв. Бүлгийн хурлын үеэр гишүүд Р.Амаржаргалыг дэмжих үед ч би энэ наадмыг үзэхгүй гээд хурлаа хаяж гарсан түүнийг өнөөдрийн бүлгийн хурлаар Р.Амаржаргал 100 хувийн саналаар дэмжигдсэн нь бүр ч байж ядуулсан бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас дараагийн Ерөнхий сайдын нэр тодрох тухай ҮЗХ-ны хурлаас хойш л яригдсан. Гэтэл гэнэт л Р.Амаржаргалын нэр тодронгуут Хяналтын Ерөнхий хороо тогтоолд засвар хийснийг гэнэт ойлгосон нь хачирхалтай.
Бүлгийн хурлын шийдвэрийг хууль бус гэсэн мессежийг Хяналтын хороогоор дамжуулан Н.Алтанхуяг тараасан гэж улстөрийн хүрээнд ярьж байна.
Улс орны эдийн засаг гүнзгий хямарсан өнөөгийн энэ нөхцөл байдалд туршлагатай эдийн засагч Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох нь хамгийн зөв сонголт хэмээн фракц гэх шүхэр дор зогсолгүйгээр шийдсэн АН-ын гишүүдийн шийдвэр ингээд гацаанд орлоо.
Н.Алтанхуягийн авахыг хүссэн “тоглоом”-ыг нь өгөөгүйгээс тэрээр АН-ын гэрийн тоонон дээр гарч суугаад өндөр дуугаар бархирч байна.
”Алтангадас” АН доторхи фракц уу эсвэл АН Алтангадас”ын нэг эд эс үү ялгахаа байхад дөхөх нь.
Дураараа түүнээс намын даргын албан тушаалыг авахаа З.Энхболд өнөөдөр мэдэгдэж 12 дугаар сарын 8-нд болох Их хуралд нэрээ дэвшүүлнэ гэлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл саяхан хуралдаад нөгөөдөр ҮЗХ-г хуралдуулахаар шийдсэн байна. Тэгэхээр Н.Алтанхуягийн дараагийн сценари ҮЗХ дээр үргэлжлэх болно.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт