2015 оны 1 сарын 6
Зүлэг ногоон дэвжээний ханагар сайхан эрчүүд хэмээн Монголчууд бөхөө дээдэлсээр ирсэн. Сүүлийн үед бөхчүүд төдийгүй МҮБХ янз бүрийн асуудалд холбогдсоор байгаа нь ард түмнээ үндэснийхээ бөхөд итгэх итгэлийг сулруулж буй. Монголын Үндэсний Бөхийн Холбоо 10 гаруй жил хэрүүлээс салахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тус холбооны холбооны удирдлага болох Р.Нямдоржтой таарч тохирдоггүй бөхчүүд цөөнгүй. Тэр дундаа Даян аварга А.Сүхбатад хэзээ ч ажлаа өгөхгүй гэдгээ онцолсон удаатай. Уг нь Даян аварга А.Сүхбатад Монголын Үндэсний Бөхийн Холбоог тэргүүлэх хүсэл бий. Үүнийгээ ч нуудаггүй. Гэвч Р.Нямдорж тэргүүн “А.Сүхбат үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажил хийж байгаагүй, Түүнд Бөхийн Холбоог олигтойхон удирдаад авч явах ур чадвар, мэдлэг, боловсрол байхгүй” гэж үздэг. Хариуд нь А.Сүхбат аварга Төв цэнгэлдэхэд цугласан наадамчдын өмнө “Р.Нямдоржийг байгаа цагт би барилдахгүй” хэмээн тангараглаж байсан удаатай.